МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН УЛС ТӨР, ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭЗЛЭХ ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТОД АХИЦ ГАРГАЛААА
Монгол Улс сүүлийн 33 жилийн хугацаанд УИХ-ын 8 удаагийн сонгуулийг зохион байгуулж 608 гишүүн сонгогдсоны 544 эрэгтэй, 64 эмэгтэй гишүүд буюу 11 хувь л сонгогдон ажилласан байна. Түүхэн дээд амжилт болох 2016, 2020 оны сонгуулиар УИХ-д 13 эмэгтэй буюу 17.1 хувь байна.
Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүй, бодлогын шинэчлэлийг 2023 онд хийж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд холимог системийг оруулж, жагсаалтыг 1:1 эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлж, жендэрийн 20 хувийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувьд байх зохицуулалтыг тусгасан нь түүхэн бөгөөд олон улсад сайн туршлага болохуйц шийдвэр болсон юм.
Үүний үр дүнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрлээ. Энэ нь Монгол Улсын Парламентын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Азийн дундаж 21.2 хувиас 4.2 хувиар давж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй, өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.
Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) Парламент дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр Монгол Улс 34 байр урагшилж, 96-д эрэмбэлэгдэх болзлыг хангаад байна. Энэхүү шийдвэрийн үр дүнд түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүд нэр дэвшин сонгогдож эмэгтэйчүүд өөрсдийн төлөөллөө улс төрийн шийдвэр гаргах түвшинд ахиулж чадлаа.
Түүнчлэн Засгийн газраас төрийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох чиглэлээр 100 жилийн түүхэнд анх удаа аймгийн засаг даргаар эмэгтэй хүнийг томилж, Сайд-3, Дэд сайд-3, Төрийн нарийн бичгийн дарга-5, Агентлагийн дарга-7, Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогчийн албан тушаалд 30 эмэгтэй /2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар/ томилогдон ажилласан нь хуульд заасан хүйсийн квотыг тодорхой түвшинд ахиулж чадлаа.
УИХ-ын 2024 оны сонгуулиар байгуулагдах шинэ Засгийн газар нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-д заасан томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газарт /Сайд, Дэд сайд/ 15 хувиас доошгүй байх хүйсийн квотыг хэрэгжүүлэх төдийгүй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхам болж байгаа бөгөөд өмнөх түүхэн амжилтыг ахиулах шаардлагатай байна.