ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХУРААНГУЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-07-10

Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь 2024 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд 3 зорилт, 119 үйл ажиллагааг төлөвлөж эхний хагас жилийн байдлаар 64.8 хувьтай хэрэгжүүллээ.

 

Бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх хүрээнд:

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрлээ. Энэ нь Монгол Улсын Парламентын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Азийн дундаж 21.2 хувиас 4.2 хувиар давж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй, өмнөх сонгуулийн үр дүнгээс даруй 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт боллоо.

“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)” Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 71 дүгээр захирамжаар батлагдлаа.

 

Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн маягтын төслийг “Улс төрийн намын тухай” хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж З-НХТБ-1, Б-НХТБ-1, 3-НХТБ-2, З-НХТБ-2.1, Б-НХТБ-2, З-НХТБ-3,                         Б-НХТБ-3 бүхий 7 маягтыг Үндэсний Статистикийн Хорооны 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар батлууллаа.

Жендэрийн Үндэсний Хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулж, Жендэрийн салбар зөвлөл, Жендэрийн салбар хороодын тайлан мэдээллийг хэлэлцүүллээ. ЖЭТБХтхуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт яамдын хувьд 56%, нутгийн захиргааны байгууллагын хувьд 58.7%-тай үнэлэгдэж, ЖЭТБХтХууль, салбар, орон нутгийн жендэрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар зөвлөмж хүргүүллээ.

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.a-д заасан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г Улсын их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан хуралдаанд танилцуулсаны мөрөөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ирүүлсэн Хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байдал, малчин залуу гэр бүлд чиглэсэн бодлого үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний хүрээнд жендэрт суурилсан хүчирхийллээс орон нутгийн иргэд, малчдыг урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон холбогдох мэдээллийг бэлтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэв.

 

Улсын их хурлын тухай, Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай, Байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай,  зэрэг нийт 5 хууль, 1 шалгуур үзүүлэлтийн төсөлд санал хүргүүлсэн.

 

ЖЭТБХ талаарх төрийн бодлогын хэрэгжилтийн тайлан мэдээ болон Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын тайлан, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, явц, үр дүнгийн тайлан мэдээллийг ҮСХ-ны  цахим програмаар хүлээн авч, нэгтгэн, захиргааны статистик мэдээллийг бүрдүүлэн тайлагналаа.

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний  5 зорилго тус бүрээр хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд Стратегийн 1 дүгээр зорилтыг БШУЯ, 2 дугаар зорилтыг ХНХЯ, 3 дугаар зорилтыг Удирдлагын академи, 5 дугаар зорилтыг БОАЖЯ тус тус дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. 4 дүгээр зорилтын хүрээнд Төрийн албаны зөвлөл хараахан байгуулаагүй байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Албан хаагчдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт”-ийг БХБСайдын 2024 оны 110 дугаар тушаалаар батлан мөрдүүлж эхэллээ.

 

Үндэсний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх хүрээнд:

Ажлын алба нь эхний хагас жилд нийт 22 сургалт, семинар (үүнээс 17 нь захиалгат сургалт) зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын 1227 /677 эмэгтэй, 550 эрэгтэй/ төрийн албан хаагчийг хамрууллаа.

 

Жендэрийн анхан шатны сургагч багшаар 388, дунд шатны сургагч багшаар 40 албан хаагч бэлтгэгдээд байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хүрээнд сургалтын гурав дахь хүрээ болох жендэрийн шинжээч бэлтгэх ахисан түвшний сургалтын модуль боловсруулах ажлыг эхлүүллээ.

 

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг дэмжих сарын аяныг зохион байгуулж нийт 11 төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын сайн туршлагыг цахим мэдээллийн хуудсаар дамжуулан 26.455 хүнд хүргэсэн байна.

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Эр цэргийн өдрийг угтан “Харилцан хүндэтгэе” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж, давхардсан тоогоор 1.294.000 иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэж 250 орчим албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

 

Жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх чиглэлээр “Жендэр судлалын магистрын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, төрийн өмчийн 6 их сургуулийн хамтарсан “Жендэр судлалын төв”-ийг Монгол Улсын Их Сургуулийг түшиглэн байгууллаа. Монгол Улсад анх удаа “Жендэр судлалын магистрын хөтөлбөр”-ийг зарлаж Азийн сангийн дэмжлэгтэйгээр 25 суралцагчдад сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийн тэтгэлэгийг гардуулсан.

 

Их дээд сургуулийн сургалтын агуулгад жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр холбогдох агуулгыг тусгасан байдал, хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээг нийт 5 сургуулийн хөтөлбөрүүдэд хийсэн дүнг холбогдох талуудад танилцууллаа.

 

Ажлын албанаас 9 төрлийн 10550 ширхэг ном, товхимол хэвлүүлж, холбогдох албан байгууллага орон нутагт хүргэж ажиллалаа.

 

Жендэрийн статистик, судалгаа шинжилгээ, бусад мэдлэгийн бүтээгдэхүүний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх хүрээнд Хороо хамтран гүйцэтгэсэн 12 судалгааны тайланг  www.sudalgaa.gov.mn цахим санд байршууллаа.

 

Ажлын албанаас баталсан “Хэвлэл мэдээллийн бодлого”-ын бодлогын  хэрэгжилтийг дэмжих хүрээнд нийт 87 сэтгүүлчтэй 4 удаагийн цуврал уулзалтыг зохион байгуулж үүнээс Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, сонгогчдын жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 42 телевиз, сайт, сонин, радиод зорилтот ярилцлага өгсөн.

Олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд Хорооны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар 118 мэдээ мэдээллийг нийтэлж, 13 рийл, 35 видео, 90 постер хүргэж, нийт 461,658 хүнд хүрч, 31,078  сэтггэдэл хүлээн авсан байна.

 

Ажлын албанаас “Хуваалцъя” ярилцлагын нэвтрүүлгийн 13 дугаарыг эрхлэн гаргаж, төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын 15 зочныг урьж, ярилцлаа.

Олон талт хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд:

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭАБК)-ын 68 дугаар чуулган Нью-Йорк хотноо 2024 оны 3 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд “Ядууралд анхаарлаа хандуулах, институцуудыг бэхжүүлэх, жендэрийн хэтийн төлөвтэй санхүүжүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах ажлыг хурдасгах” сэдвийн доoр зохион байгуулагдсан. Чуулганы үеэр Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо болон Азийн Хөгжлийн банк хамтран “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: Төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.

Улс төрийн намын үйл ажиллагаанд жендэрийн дэвшилтэт үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хуульд заасан квотыг хангуулах хүрээнд намын дунд шатны байгууллагын дарга, дэд дарга, хорооны тэргүүлэгчдэд зориулсан семинарыг УИХ-д суудалтай 3 нам, УИХ-д суудалгүй 13 намыг нэгтгэсэн байдлаар 4 удаа зохион байгуулсан.

 

Аж ахуй нэгж байгууллага, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоотой хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.

“Хөгжлийн түншлэгчдийн уулзалт”-ыг 1 удаа зохион байгууллаа.

Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” уулзалтыг 4 удаа зохион байгууллаа.

Засгийн газрын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэй удирдлагууд, Гадаад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт эмэгтэй элчин сайд болон Олон улсын хөгжлийн байгууллагуудын эмэгтэй суурин төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулж бодлогын түвшинд хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Дээр үйл ажиллагааг үр дүнд суурилан амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан бидний байнгын түншлэгч, дэмжигч байгууллага, хамт олонд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас чин сэтгэлийн Талархал илэрхийлье.

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency