ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛИЙН БАРИМТ БИЧИГ ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ

2024-08-26

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын оролцогчид бид:

Олон улсын хууль болон НҮБ-ын Дүрэм, түүний зорилго, зарчмууд, Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг мөрдөхөө нотолж,1995 оны Бээжингийн тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний дотор 5 дахь зорилгын хэрэгжилт, бүх салбарт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавжуулахын төлөөх хүчин чармайлтаа эрчимжүүлэхээ тус тус нотолж байна.

Бид:

Үндэсний, бүс нутгийн, олон улсын түвшинд улс төр, иргэний, эдийн засгийн, соёлын амьдрал дахь эмэгтэйчүүдийн бүрэн, тэгш, утга учир бүхий оролцоог хангах болон эмэгтэйчүүд охидын эсрэг бүх төрлийн ялгаварлал, хүчирхийллийг устгах нь жендэрийн тэгш байдал, хүний эрхийн талбар дахь олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүлэх зорилгууд болохыг санаж,

Геополитикийн хурцадмал байдал, зөрчлийн таагүй нөлөөнүүд, тухайлбал, хүмүүнлэгийн үр дагаврууд, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд болон хүнсний аюулгүй байдалд үзүүлж буй таагүй үр дагаврыг сэтгэл зовинон тэмдэглэж,

Эмэгтэйчүүд, охид нь тэдний хүйс, арьсны өнгө, нас, хэл, үндэс угсаа, соёл, шашин, хөгжлийн бэрхшээл зэргээс, мөн бүтцийн тэгш бус байдал, тэдний нийгэм-соёлын байр сууриас хамааралтай тодорхой саад тотгорын улмаас жендэрийн хувьд бүрэн тэгш байдалд хүрэхэд бэрхшээл тулгарч байгааг хүлээн зөвшөөрч,

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг асуудал бөгөөд эмэгтэйчүүд, охид, түүний дотор хөгжиж буй болон арлын жижиг орнууд дахь эмэгтэйчүүд, охид нь уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол, гамшгийн сөрөг нөлөөнд асар их өртөж, улмаар эдгээрийн үр дагавар нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, өлсгөлөнг эцэс болгох зэрэг асуудалд нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч,

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүх нийтийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөөх үйлсэд эмэгтэйчүүд өөрчлөлтийн маш чухал агент болохыг хүлээн зөвшөөрч,

Цахим орчин дахь эмэгтэйчүүд, охидын бүрэн, тэгш, утга учир бүхий оролцоо нь цахим орчны жендэрийн тэгш бус байдлыг арилгах, бүх нийтийг татан оролцуулсан тогтвортой хөгжлийг урагшлуулахад асар их үүрэгтэй болохыг цохон дурдаж,

Спорт, урлаг, соёлын нийгэм-соёл, энх тайвны соёл, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандлагын хөгжилд оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэхийн хэрээр тогтвортой хөгжлийг урагшлуулан залуурдагч чухал хүчин зүйл болж байгааг хүлээн зөвшөөрөхийн хамт спорт, урлаг, соёлын эмэгтэйчүүд, охидын чадавхжуулалт, нийгмийн оролцоог хангахад гүйцэтгэж буй чухал үүргийг цохон тэмдэглэж байна.

Бид дараах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээ амлаж байна. Үүнд:

Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хөгжлийн зорилгууд, түүний дотор Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд эмэгтэйчүүдийг илүүтэй татан оролцуулах замаар дэлхий нийтийн олон талт хамтын ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг ролийг бэхжүүлэх,

Олон улсын энх тайван, аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдалд эмэгтэйчүүдийн оруулж буй дорвитой хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхийн сацуу зөрчлийг шийдвэрлэх, энхийг цогцлоох үйлсэд эмэгтэйчүүдийн тэгш бөгөөд бүрэн оролцоог дэмжих,

Тогтвортой хөгжлийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны гурван тулгуурыг цогцоор хэрэгжүүлэхийн тулд жендэрийн тэгш байдлын асуудлыг бүх бодлого, хөтөлбөртөө тусгах,

Бүх түвшинд эмэгтэйчүүд, охидын улс төрийн оролцоо, төлөөллийг хангах, түүнчлэн байгаль орчны зэрэг бүх асуудлын удирдлага, шийдвэр гаргах түвшинд тэдэнд тэгш оролцоо, төлөөлөлтэй байх боломжийг олгох,

Эмэгтэйчүүд, охидын эдийн засгийн чадавхжуулалтыг сайжруулах, түүний дотор эдийн засгийн нөөц, санхүүгийн үйлчилгээг авч, захиран зарцуулах, зохистой ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, бизнесийн удирдлагын сургалтад хамруулах зэрэг арга замаар чадавхжуулж, тэдний албан бус, цахим эдийн засагт оролцох боломжийг нэмэгдүүлэх, мөн эмэгтэйчүүд, охидын хөдөө аж ахуйн орц, дэмжих үйлчилгээ, газар, ус, ариун цэвэр болон усжуулалтын байгууламж, дэлхийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, шинэлэг технологиос хүртэх боломжийг дэмжиж өгөх,

Хүний эрхийг бүрэн хүндэтгэхийн хамт жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхжуулалт болон өнөө ба ирээдүй үеийн ашиг сонирхлыг харгалзсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

Байгаль, экосистемийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн иж бүрэн, салбар дундын тогтолцоог шинжлэх ухааны шилдэг ололт, баримт нотолгоо, уугуул иргэд болон орон нутгийн хүмүүсийн хуримтлуулсан мэдлэг дээр үндэслэн хөгжүүлэх асуудлыг улс орны онцлог бүхий жендэрийн мэдрэмжтэй, оролцооны аргыг ашиглан хэрэгжүүлэх,

Уур амьсгалын өөрчлөлтийн талаас уян хатан хөдөө аж ахуйн бодлого, практик үйл ажиллагаанд жендэрийн асуудлыг харгалзсан арга барил нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжих, эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрхийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасчид зэрэг хүнсний жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний ядуурлыг бууруулах, өлсгөлөнг эцэс болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийн дутагдлыг арилгахад үр дүнтэй хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлж өгөх зэрэг арга замаар тогтвортой хөдөө аж ахуйн хүнсний тогтолцоог хөгжүүлэх,

Бүх талбарт жендэрийн зөрүүг арилгахын тулд хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэхийг зорих, мөн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах чиглэлээр ажилладаг бүх түвшний институцуудэд үзүүлэх дэмжлэгийг бэхжүүлэх,

Боловсрол, сургалтын талбар дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах, эмэгтэйчүүд, охидод бүх түвшин, бүх салбарт чанартай боловсрол, сургалт, түүний дотор шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн боловсролыг тэгш хүртээх нөхцөлийг бүрдүүлэх,

Жендэрийн цахим хэрэглээний ялгаа, ялангуяа хөдөө, хотын эмэгтэйчүүд, охид, залуу ба ахмад настай эмэгтэйчүүдийн дундах цахим хэрэглээний ялгааг арилгах, инновац болон бизнес эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх, түүний дотор хөгжиж буй орнууд дахь эмэгтэй удирдлага, эмэгтэй эзэнтэй цахим старт-ап, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдний цахим технологи ашиглан зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг дэмжих,

Спорт, урлаг, соёлын салбаруудын эмэгтэйчүүд, охидын чадавхжуулалтад оруулж байгаа улам бүр өсөн нэмэгдэж буй хувь нэмэрт үндэслэсэн, тэдэнд тэгш боломж олгоход чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

Жендэрийн тэгш байдлыг бүрэн хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах, улмаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийн тулд НҮБ-ын систем болон бүс нутаг, олон улсын бусад байгууллагын хурал чуулган, санаачилгын хүрээний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, чингэхдээ нөөц бололцоо, мэдлэг, туршлага, технологи, санхүүгийн нөөцөө эл үйлсэд зарцуулдаг Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагаа, иргэний нийгэм, олон нийтийн үүсгэл санаачилга, хувийн хэвшил, судлаачид зэрэг бүх талын төлөөлөлтэй хамтран ажиллах зэрэг болно.

Бид дараах асуудлыг дэмжихээ нотолж байна:

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн хүрээний санаачилгууд болон 2024 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо дэлхийн удирдагчид хуран чуулж, өнөөгийн болон ирээдүйн асуудлыг хэрхэн шийдвэрлэх олон улсын зөвшилцлийг баталгаажуулах  “Ирээдүйн суудлаарх дээд түвшний уулзалт”-ыг дэмжихээ нотолж байна.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency