ЭРХ ЗҮЙЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТУСГАХ ХҮРЭЭНД СУРГАЛТЫН УДИРДАМЖИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн үндэсний хорооноос Эрх зүйч бэлтгэх их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал тусгах хүрээнд холбогдох сургалтын удирдамж танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Ж.Ариунболд, Хуульчдын холбооны Сургалтын хорооны Удирдах Зөвлөлийн дарга Г.Оюунболд нар нээж, эрхзүйн хичээл судалдаг төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын 50 гаруй төлөөлөл оролцлоо.
Ирээдүйн хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурорыг бэлтгэх эрх зүйн суурь хөтөлбөрт жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг шигтгэн тусгаж, хууль зүйн салбарт жендэрийн мэдрэмжтэй хүний нөөцийг бэлтгэхэд энэхүү сургалтын удирдамж хувь нэмрээ оруулах юм.
Эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр бүрт хүний нийгмийн нарийн эмзэг асуудлууд хөндөгдөж, жендэртэй шууд холбогдож байдаг бөгөөд тус удирдамжид нийт 15 хичээлийн агуулгад жендэрийн асуудлыг хэрхэн тусгах зөвлөмж багтсан байна. Сургалтын удирдамж нь бодит кэйс жишээн дээр ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар төлөвлөгдсөн байна.
Дашрамд дурдахад их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгад жендэрийн асуудлыг тусгах ажил нь 2016 оноос хойш хэрэгжиж өдгөө 11 их дээд сургуулийн сургалтын агуулгад тусгалаа олж, төлөвшин хөгжиж байна.
Эрхзүйч бэлтгэх сургалтын агуулга хөтөлбөрт жендэрийн агуулгыг тусгах удирдамж боловсруулах энэхүү ажлыг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан ахалж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор М.Мөнхнаран, Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Одонгэрэл, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн ахлах багшаар ажиллаж байсан С.Боловсон, МҮИС-ийн захирал, Захиргааны эрхзүйн багшаар ажиллаж байсан Н.Жинжиймаа нар хамтран боловсруулж, ажлын хэсгийн нийт 11 их дээд сургуулийн эрдэмтэн багш нар санал зөвлөмж өгч ажилласан байна.
Тус удирдамжийг нийт эрх зүйч бэлтгэх их дээд сургуулиудад хүргүүлж, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх чиглэлд Хороо, түүний ажлын алба их дээд сургуулиудтай хамтран ажиллахаар боллоо.