“БЭЭЖИН+30” ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААРХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН САЙД НАРЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2024 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдөр болж буй “Бээжин+30” хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын бага хуралд оролцож байна.
Тус хуралд Жендэрийн үндэсний хороог төлөөлөн шинжээчидийн бүлгийн гишүүн Б.Онон оролцож байна.
Энэхүү бага хурал нь Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, бүс нутгийн түвшинд зөвшилцөлд хүрэх зорилготой юм.
Тус тайланд орсон онцлох ажилууд:
Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай, Хууль зүйн туслалцааны тухай, Шүүх шинжилгээний тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хүүхэд хамгааллын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг 10 гаруй суурь хуульд жендэрийн үзэл баримтлалыг тусгаж ажиллалаа.
2024 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Боловсролын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д жендэрийн үзэл баримтлалыг албан боловсролын хөтөлбөрийн агуулгад тусгуулахаар хуульчилсан нь Монгол Улс жендэрийн боловсролыг сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн боловсролын, дээд боловсролын хөтөлбөрөөр дамжин хүртэхээр боллоо.
Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд түүхэн өөрчлөлт гарсаныг онцлон тэмдэглэлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийг тойрогт болон жагсаалтаар холимог системээр зохион байгуулахаар, жендэрийн 20 хувийн квотыг 2024 оны сонгуульд 30 хувиар, 2028 оны сонгуульд 40 хувиар хэрэглэхээр тус тус хуульчилсан.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд УИХ-д 32 эмэгтэй сонгогдсон нь 25.4 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь Азийн дунджийг ахиулж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн үзүүлэлт боллоо.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаныг онцлон тэмдэглэлээ. Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.8 дугаар зүйлд Хороо нь улс төрийн намуудаас хүйсийн тэнцвэрт байдлын тайланг хүлээн авч дүгнэлт гаргаж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх, Сонгуулийн төв байгууллага нь тус дүгнэлтийг үндэслэн улс төрийн намуудад санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Энэхүү заалт нь 13 жилийн дараа Жендэрийн хуульд заасан зохицуулалтыг тусгаж буй түүхэн үйл хэрэг юм. Хороо нь 2025 оноос эхлэн тус тайланг хүлээн авах бөгөөд тайлангийн маягтуудыг Үндэсний статистикийн хороогоор батлуулаад байна. Үүний үр дүнд Хороо нь улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжууд бий болж байна.
Монгол эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс даруй 9.6 жилээр бага насалж байгаа нь олон улсын дунджаас 2 дахин өндөр байна. Энэхүү асуудлаар Хорооноос болоод, Дэлхийн банкнаас хийсэн судалгааны үр дүнд суурилан
эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр түр тусгай арга хэмжээ болох эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл зан зүйл, стрессийг даван туулж буй хорт зуршлаас сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд дэмжсэн арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)-г батлан хэрэгжүүлж ажиллалаа. Үүний мөрөөр үндэсний хэмжээнд эрэгтэйчүүд өөрсдийн оролцоотойгоор эрүүл мэнддээ анхаарахыг ойлгож, хүлээн зөвшөөрч тодорхой ахиц гарч эхэлсэн тул цаашид энэхүү төлөвлөгөөг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн Хороо дүгнэж дараагийн шатны буюу “Монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 05 сарын 14-ний өдрийн 71 дүгээр захирамжаар батлан хэрэгжилтийг хангаж
Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр Хороо нь анхааран ирсэн билээ. Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь тус салбарт ажиллаж байна. 2023 оны байдлаар нийт малчдын 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Монголын тогтвортой ирээдүй малчидтай, тэр дундаа малчин эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой бөгөөд тэдний аж байдал, арга барилыг байнга сайжруулах нь төрийн бодлогын гол асуудал байсаар ирсэн. Гэвч малчин эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, орчин үеийн техник технологи эзэмших талд дутмаг, санхүүгийн орлого нь тогтмол бус, цаашилбал хүний эрхээ бүрэн эдлэх боломж нь хязгаарлагдмал байна. Түүнчлэн нүүдлийн амьдралын хэв маяг, холын зайнаас хамааран малчдын хүүхэд бага боловсрол эзэмшихэд хүндрэл гарч байгааг 2021 онд эмэгтэй, эрэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээг 15-34 насны 900 орчим малчдыг хамруулан хийсэн судалгаа нотолсон билээ. Энэхүү судалгааны үр дүнг салбарын яамдуудад хуваалцаж, гарсан зөвлөмжийн мөрөөр хамтран ажиллаж байна. Энэхүү асуудалд хувь намар оруулж 2024 оны НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганд Хороо нь “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа. Хороо нь тус асуудлаар олон улсын хамтын ажиллагааг нэгтгэх чиглэлд анхааран ажиллахаар төлөвлөж байна.