“ЖЕНДЭРИЙН ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ АРГА ЗҮЙ: ЖЕНДЭРИЙН БОДЛОГЫН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ” АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ОНОЛЫН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2024-11-25

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх сургалтын  3 үе шат бүхий тогтолцооны “ЖЕНДЭРИЙН ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ АРГА ЗҮЙ: ЖЕНДЭРИЙН БОДЛОГЫН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ”  онолын мэдлэг олгох ахисан түвшний сургалт 2024 оны 11 дүгээр сарын 7 -22 ны өдрүүдэд нийт 6 өдрийн турш зохион байгууллагдаж өндөрлөлөө.

Сургалтад оролцох иргэдэд мэргэшил, мэдлэгийн болон туршлагын тодорхой шаардлагыг тавьсан бөгөөд гурван үе шат бүхий нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарсан эрүүл мэнд, боловсрол, барилга, батлан хамгаалах, хууль зүй, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төв, орон нутгийн төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын нийт 30 оролцогч ахисан түвшний сургалтаа амжилттай дүүргэж, БАТЛАМЖ гардан авлаа.

Сургалтыг НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) төслийн дэмжлэгтэй Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба зохион байгуулсан бөгөөд сургалтын хаалтын үйл ажиллагаанд Европын холбооноос Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин Сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын Тэргүүн Ина Марчюлёните оролцож, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад тулгамдаж буй бэрхшээл, шийдэл” сэдвээр хэлэлцүүлэг хийж, сургалтад оролцогчдын санал сэтгэгдлийг сонсож, ярилцлага өрнүүллээ.

Энэхүү сургалт нь жендэрийн сургагч багш бэлтгэх ахисан түвшний анхны сургалт болж байгаагаараа онцлог бөгөөд жендэрийн хариуцлагатай хууль, бодлого, стратеги, төлөвлөгөөг боловсруулах, жендэрийн тэгш байдлыг дэмжсэн бодлогын зорилтыг биелүүлэх, хянах, үнэлэх, жендэрийн тэгш бус харилцааг өөрчлөх үйл явцыг хувь хүн, хамт олон, байгууллага институтын түвшинд хэрэгжүүлэхэд жендэрийн хувирган өөрчлөх аргазүйг ашиглах онолын мэдлэгийг олгоход чиглэгдлээ.

Тус сургалтын агуулга хөтөлбөрийг НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Б.Оюун, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Б.Онон, А.Солонго, Ш.Ариунаа, Г.Ганбаясгах нар боловсруулсан бөгөөд жендэрийн үндэсний шинжээч, зөвлөхүүд санал зөвлөмж өгч ажиллалаа.

Сургалтын хаалтад Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа, жендэрийн үндэсний шинжээч М.Батбаатар нар урилгаар оролцож оролцогчдод зөвлөгөө өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, туршлагаа хуваалцлаа.

Сургалтад хамрагдсан 30 оролцогч нь 2025 онд 21 аймаг, нийслэл, 9 дүүрэгт сайн дурын үндсэн дээр ажиллаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын болон практик үйл ажиллагаанд менторын үйлчилгээ дэмжлэг үзүүлэх юм.

Шинэ мэдээ

© 2024 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency