БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-12-12

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 124 дүгээр захирамжаар шинэчлэн байгуулагдсан Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү зөвлөл нь Жендэрийн үндэсний хорооны дэргэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй билээ.

Бодлогын зөвлөлд УИХ-д суудалтай 5 нам, эвслийн төлөөлөл 10 эмэгтэй, 10 эрэгтэй гишүүн түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын  зөвлөх болон Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Жендэрийн үндэсний шинжээчийн төлөөллөөс бүрдэж байна.

Энэхүү уулзалтаар “Жендэрийн тэгш байдлыг хангахад үндэсний төрийн бус байгууллагуудын санаачилга, үр дүн, хамтын ажиллагааны санал” сэдвээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, “Жендэрийн тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, үр дүн, хамтын ажиллагааны санал” сэдвээр  Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, “Аж ахуй эрхэлж буй эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал Б.Лакшми нар мэдээлэл танилцууллаа.

Түүнчлэн “Бодлогын зөвлөл”-ийн 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр танилцуулж, холбогдох асуудлаар санал солилцож Бодлогын зөвлөлийн гишүүд дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Жендэрийн асуудлаарх Бодлогын зөвлөл нь 2021-2024 онд улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих эрх зүйн орчинг шинэчлэх хүрээнд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртлэх бүхий л үе шатанд дэмжин ажилласан билээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency