“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 22 ДАХЬ УДААГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит уулзалт 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдаж, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян: салбарын албан хаагчдын хүйсээр ангилсан статистик мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулж, албан хаагчдын ажил-ар гэрийн тэнцвэрийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник, технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх чиглэлд анхаарч ажиллаж байна гэв.
“Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Б.Чулуундолгор: 2024 оны онцлох үйл ажиллагаа, тэргүүлэх зорилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний сонгох, сонгогдох эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн сургалт, бодлогын нөлөөллийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, олон нийт ялангуяа төрийн албан хаагчдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа, дэмжлэг чухал байгааг онцлов.
Танилцуулгатай холбогдуулан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Д.Сүхжаргалмаа: ОБЕГ-аас хүйсээр ангилсан статистик мэдээллийг бүрдүүлэх, түүнийг ашиглах үйл явцыг сайжруулах талаар, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид: албан хаагчдын ажил-ар гэрийн тэнцвэрийг хангах, салбарын жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт; хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудад зориулсан сургалтын модулийн талаар, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Л.Мөнхзул: хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах талаар гарын авлага, сургалтын модуль боловсруулахад уялдаа холбоотой хамтран ажиллах талаар тус тус асуулт, санал хэлж, хариулт авлаа.