УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА

2024-12-13

Монгол Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан. Улс төрийн намын тухай хууль анх 1990 онд батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулснаас хойш 18 жилийн дараа анх удаа бүхэлдээ шинэчлэгдэн батлагдсан билээ.

Улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн бий болгох үр нөлөөтэй.

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.” хэмээн заасныг “… өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор” гэж өөрчлөх хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдсэн билээ.

Тус хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хойшлуулж байгаа асуудлаар улс төр судлаачид, төрийн бус, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн байгууллагууд буруушаан байр сууриа илэрхийлж буйг УИХ-ын гишүүд анхааран хүлээн авч “… 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор” гэж өөрчлөх саналыг боловсруулан хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 97 гишүүний 87 нь дэмжин баталлаа.

Энэхүү санаачилгыг гаргаж ажилласан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Ж.Бат-Эрдэнэ, Х.Болормаа,  Э.Болормаа, Х.Булгантуяа, Д.Ганмаа,  Б.Жаргалан, С.Замира, М.Мандхай Л.Мөнхбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, Э.Одбаяр, О.Саранчулуун,  М.Сарнай, А.Ундраа, Б.Уянга,  Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, О.Цогтгэрэл,  С.Цэнгүүн, Д.Энхтуяа, М.Энхцэцэг гишүүд болон дэмжсэн нийт гишүүдэд талархал илэрхийлье.

Хороо нь Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар хүлээсэн чиг үүргийн хүрээнд “Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт”-ыг боловсруулж батлуулахын сацуу намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency