“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 23 ДАХЬ УДААГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит уулзалт 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа: “Цаг ашиглалтын судалгаа”-ны тайланг танилцууллаа. Тус судалгаанд 21 аймаг, Улаанбаатар хотоос нийт 23,394 өрхийг хамруулсан бөгөөд эрэгтэй хүн өдөрт дунджаар хөлстэй хөдөлмөрт 343 минут, эмэгтэй хүн 220 минут, хөлсгүй хөдөлмөрт эрэгтэй хүн 136 минут, эмэгтэй хүн 273 минутыг тус тус зарцуулж байгааг онцолсон юм.
Мөн уулзалтаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир: “Монгол Улс-Жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ”-ний үр дүнг танилцууллаа. Монгол Улсын хувьд жендэрийн тэгш байдлыг хангах бүхий л чиглэлээр харьцуулагч орнуудаас илүү байгаа ч боловсролын салбар дахь жендэрийн ялгаа (урвуу), дундаж наслалтын зөрүү (урвуу), эдийн засгийн хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, жендэрт суурилсан хүчирхийллийн хувьд хүйсийн ялгаа гүнзгийрч байгааг анхаарах шаардлагатай байна гэв.