ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНЫ 2024 ОНЫ ХУРААНГУЙ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2024-12-30

Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь 2024 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/, хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд нийт 104 үйл ажиллагааг төлөвлөн 91.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж дараах ҮР ДҮНГ онцолж байна.

#Бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг тоймлобол:

  1. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 болсон нь бүсийн дунджийг ахиулж дэлхийн дундаж үзүүлэлтэд ойртлоо.
  2. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)” -г Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлуулж, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хөгжлийн урт хугацааны бодлогын хэрэгжилтийг жендэрийн хариуцлагатай, салбар дундын зохицуулалтаар шийдвэрлэх нөхцөл бүрдлээ. Төлөвлөгөөг 160 гаруй төр, төрийн бус, иргэний нийгэм, олон улс, хэвлэл мэдээллийн байгууллагын 3250 хүнд танилцуулж  хэрэгжилтийг дэмжин ажиллалаа.
  3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх гурван үе шат бүхий сургалтын тогтолцоог бүрдүүлж, 2024 онд ахисан түвшнийн сургалтын агуулгыг боловруулж, нээлттэй сонгон шалгаруулалтаар анхны 30 шинжээч, мэргэжилтнийг бэлтгэснээр, анхан, дунд, ахисан түвшний 469 сургагч багш бүхий жендэрийн асуудлаарх үндэсний чадавх бэхжүүлэх байнгын механизм бүрдлээ.
  4. “Удирдах ажилтанд зориулсан жендэрийн цахим сургалт” болон “Иргэд, олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест”-ийг нэвтрүүлж, иргэд болон аль ч байгууллагын удирдах ажилтан богино хугацаанд жендэрийн талаарх ойлголт, мэдлэгээ бататгах боломжийг бүрдүүллээ. Иргэд, олон нийтэд зориулсан цахим тестэд 355 хүн, удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалтад 116 удирдах ажилтан хамрагдаж, мэдлэг ойлголт нэмэгдүүлж, гэрчилгээ авлаа.
  5. Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар Жендэрийн үндэсний хорооны хүлээсэн чиг үүргийг баталгаажуулах, хорооны гишүүдийн чиг үүргийг тодорхой болгох зорилгоор Засгийн газрын 2024 оны 195 дугаар тогтоолоор Хорооны дүрэмд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулсны зэрэгцээ улс төрийн намын жендэрийн статистикийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны А/125 дугаар тушаалаар зөвшөөрч, баталгаажуулсан “Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ”-ний 5 маягтыг намуудад болон олон нийтэд танилцуулж ажиллалаа.
  6. АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганы хүрээнд “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгуулж, жендэрийн асуудлаар олон улсад сайн туршлагаа танилцууллаа.
  7. Тайланд улсын Бангкок хотод Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Бээжин+30” Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын бага хуралд оролцож, Хорооноос сүүлийн 5 жилд онцлох үйл ажиллагааны мэдээллийг хүргүүллээ.
  8. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Жендэрийн үндэсний хорооны эрхлэх асуудлын хүрээнд 3 зорилтыг тодорхойлон батлууллаа.
  9. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 21, 159 дүгээр тогтоолоор Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Стандарт хэмжил зүйн газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ны тэргүүн зэрэг 6 байгууллагын удирдах албан тушаалтан орсноор салбар дундын зохицуулалт хийх боломжийг өргөсгөлөө.
  10. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалтаар хангах “Ажлын хэсэг”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар, түүнчлэн стратеги төлөвлөгөөний зорилго тус бүрийн хэрэгжилтийг зохион байгуулах дэд ажлын хэсгийг Боловсролын яам, ГБХНХЯ, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Удирдлагын академийн захирал, Төрийн албаны зөвлөлийн холбогдох гишүүнээр ахлуулхан байгуулж, салбар дундын хамтын ажиллагааг зохицуулалтаар хангаж ажиллалаа.
  11. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 124 дүгээр захирамжаар “Бодлогын зөвлөл” -ийг шинэчлэн байгуулж, 2025-2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 10 үйл ажиллагааны чиглэлээр баталлаа.
  12. Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаанаар Жендэрийн салбар зөвлөл, салбар хороодын тайлан мэдээллийг хэлэлцлээ. Хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт төрийн захиргааны төв байгууллагад 56%, нутгийн захиргааны байгууллагад 58.7%-тай үнэлэгдэж, холбогдох зөвлөмжийг хүргүүллээ.

#Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх, олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг тоймлобол:  

  1. Монголын хуульчдын холбоо болон Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоотой хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулж, тухайн салбарын бодлого эрх зүйн орчин, төлөвлөлт, үр дүнд жендэрийн хариуцлагыг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг эхлүүллээ.
  1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг угтан “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг УИХ-д суудалтай 5 нам, эвслийн оролцоог тэнцүү ханган 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн 500 орчим зочид төлөөлөгчийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах, Улсын Их Хурлаас баталсан жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хамтын манлайллыг бэхжүүлэх зорилгоор УРИАЛГА гарган олон нийтэд хүргэж ажиллалаа.
  1. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” аян болон жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг “ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, давхардсан тоогоор 400 гаруй төр, төрийн бус, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 70,000 гаруй хүнийг нэгтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан 2,800,000 хүнд мэдээлэл хүргэлээ. Аяны хүрээнд нийт 15 хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгч, “Хуваалцъя” ярилцлагын нэвтрүүлгийн 17 дугаарыг бэлтгэн хүргэж төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын 18 зочныг урьж, ярилцлаа. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах, сонгогчдын жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 42 телевиз, сайт, сонин, радиод зорилтот ярилцлага өгч, 87 сэтгүүлчтэй 4 удаагийн цуврал уулзалтыг зохион байгууллаа.
  1. Ажлын алба нийт 55 сургалт, семинар (үүнээс 25 нь захиалгат сургалт) зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, улс төрийн намын төлөөлөл нийт 2744 /1398 эмэгтэй, 1346 эрэгтэй/ хүнийг хамрууллаа.
  2. Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтарсан “Жендэр судлалын төв”, МУИС, Азийн сантай хамтран “Жендэр судлалын магистрын хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, 50 мэргэжилтнийг академик түвшинд бэлтгэж байна.
  1. Хорооны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар 153 мэдээ мэдээллийг нийтэлж, 25 рийл, 57 видео, 144 постер хүргэж, нийт 564.345 хүнд хүрч, 34,126 сэтгэгдэл хүлээн авлаа.
  2. 2024 онд Ажлын алба төрийн захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийн хүрээнд нийт 5 албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, 5 албан хаагчийг томилж, 3 албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчийн танграг өргүүлж, албаны хүний нөөцийн бодлого, сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллалаа. Нийт 357 албан бичиг, 8 өргөдөл, албаны даргын 74 тушаал, 82 гэрээ, дээд газрын 10 тогтоол шийдвэрийг бүртгэж цахимжуулан, шийдвэрлэж, нийт 10550 ширхэг ном, гарын авлага хэвлүүлэн олон нийтэд хүргэж ажиллалаа.
  3. Олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагатай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбар орон нутгийн хөгжлийг дэмжих, нийгмийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, үндэсний чадавхыг бэхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх хүрээнд 3 төсөл хөтөлбөрийг төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Үүнд:
  • НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл;
  • Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “ТА-10205 МОН: Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төсөл;
  • НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төсөл.

 

–о-О-о–

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency