“ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАГ” 24 ДЭХ УДААГИЙН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас санаачлан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/-г хэрэгжүүлэх, Хорооны гишүүдийн хамтын ажиллагааг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий “Хорооны гишүүний цаг” цахим уулзалтыг зохион байгуулж байна.
Ээлжит уулзалт 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Я.Алтантуяа: аж ахуйн нэгж, байгууллагуудын “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого /2022-2031/”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гаргаж буй сайн туршлага, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, цаашид хөдөлмөрийн зах зээлд хүйсийн тэгш боломжийг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ажлын байранд аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийллээс ангид байх орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүрсэн түвшингээсээ буурахгүй, улам төгөлдөржүүлж ажиллах чиглэлээр Хорооны гишүүдтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од: байгууллагын 2024 оны онцлох үйл ажиллагаа, Танхимын дэргэдэх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөр дамжуулан бизнесийн орчинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа. Мөн МҮХАҮТ-ын зүгээс “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого /2022-2031/”-ыг хэрэгжүүлэх, ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах хүрээнд ажилтны уян хатан цагийн зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцолсон юм.