ЖЕНДЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН БУЮУ ХУВИРГАН ӨӨРЧЛӨХ АРГА ЗҮЙ (GENDER TRANSFORMATIVE APPROACH)-Г СУРГАЛТЫН ТОГТОЛЦООНД НЭВТРҮҮЛЛЭЭ
Монгол Улс 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийг баталж, Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангах жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, үндэсний тогтолцоогоо бүрдүүлэх, жендэрийн мэргэжилтнүүдээ чадавхжуулахад тодорхой ахиц дэвшил гаргасан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны ахиц дэвшлийг үнэлэхийн хамтаар цаашдын бодлогын чиг хандлага, хэрэгжилтийг хангах арга механизмаа тодорхойлох зорилгоор Жендэрийн өөрчлөлтийн буюу хувирган өөрчлөх арга зүйг төрийн бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч сургалтын ахисан түвшний агуулгаа тус арга зүйгээр бэлтгэн танилцуулж байна.
Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойшх 20 гаруй жилд олон улсын хөгжлийн судлаач, бодлого боловсруулагчид, эрдэмтэд, хөтөлбөр хэрэгжүүлэгчид хүний эрх, жендэрийн асуудлаарх нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын хүрээнд гарсан ололт амжилт, алдаанд тулгуурлан, үйл ажиллагаандаа оршиж байгаа сул тал, дутагдлыг засан залруулах алхмыг хийсээр байгаа билээ. Тэд жендэрийн тэгш байдалд хүрэх боломжийг эрэлхийлэх явцдаа жендэрийн тэгш бус байдлыг өөрчлөх арга зам нь түүнийг бий болгож байгаа суурь шалтгааныг арилгах явдал бөгөөд үүнийг жендэрийн хувирган өөрчлөх арга зүйг хэрэгжүүлснээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Дэлхийн болон бүсийн түвшний байгууллагын жендэрийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж танилцуулсан энэхүү “арга зүй” нь цоо шинэ зүйл биш хэдий ч жендэрийн тэгш бус байдлыг арилгахын төлөөх олон арван жилийн туршид хэрэгжүүлж ирсэн бодлого, арга зүйн үргэлжлэл бөгөөд, энэ хүрээнд олсон ололт амжилт, сургамж дээр тулгуурлан, тэгш бус байдлыг бий болгож байгаа хэм хэмжээ, эрх мэдлийн ялгаатай байдлыг сууриар нь шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж, хууль, бодлого, нийгмийн тогтолцоо болон байгууллага, хувь хүний түвшинд зэрэгцээ өөрчлөлтийг бий болгохыг зорьдог.
Төрийн бүхий л бодлого үйл ажиллагаа жендэрийн мэдрэмжтэй байдлаас хариуцлагатай байдалд, хариуцлагаас хувирган өөрчлөх хандлагад аажмаар шилжиж, бодлогын болон практикийн түвшинд ахиц дэвшлийг бий болгоход Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо АЗНД-н бүсэд сайн туршлага болохуйц ахисан түвшний агуулгыг олон улсын болон үндэсний зөвлөхүүдтэй хамтран боловсруулж, хэвлэн нийтэллээ.
Жендэрийн сургагч багш бэлтгэх ахисан түвшний энэхүү сургалтын гарын авлага нь Жендэрийн үндэсний хорооны ажлын алба (ЖҮХАА)-наас зохион байгуулдаг жендэрийн асуудлаарх анхан, дунд шатны сургагч багш бэлтгэх сургалтын үргэлжлэл бөгөөд жендэрийн хувирган өөрчлөх арга зүй (ЖХӨАЗ)-г ашиглан жендэрийн дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавх бүхий сургагч багш бэлтгэгдэн гарах юм.