ЭНЭ ОНЫГ “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА

2025-02-04

2025.02.04.

Жендэрийн үндэсний хорооны 2025 оны ээлжит хурлыг Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал удирдан чиглүүллээ.

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр: 

Хороо нь 5 зорилгын хүрээнд нийт 86 үйл ажиллагааг төлөвлөн 88,1 хувийн гүйцэтгэлтэй, мөн хуулиараа үндэсний хэмжээнд нэгтгэн мэдээлдэг чиг үүргийн дагуу 2024 оны төрийн албанд  томилогдож буй улс төрийн албан тушаалтан, яамд, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэг, сум, хороодын төрийн захиргааны удирдах албан тушаалтны хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ, болон аймаг, нийслэл, сум, дүүрэг_ хороодын ИТХ-ын дарга, НБД, төлөөлөгчдийн хүйсийн тэнцвэрт байдлын мэдээг танилцууллаа. Түүнчлэн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд 5 зорилтын хүрээнд нийт 178 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа:

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөмтгий  байдлын үнэлгээгээр 2023 оны ND-GAIN индексээр 181 орноос 54-д жагссан. Уур амьсгалын өөрчлөлтөөс ган, зудын гамшгийн мөчлөг ойртож, хор хөнөөл нэмэгдэж байгаа нь нийгэм, улс төр, эдийн засгийн асуудал улам хурцдан, олон талт ялгаварлан гадуурхалтыг бий болгож, үүнд эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү өртөх; уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлт нь жендэрт суурилсан хүчирхийллийн тохиолдлыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Иймд Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн тайланд жендэрийн асуудлуудыг тусгахаар ажиллаж байгааг дурдлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул:

1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас батлан гаргасан Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөрийн 30 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар сүүлийн 5 жилд авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг боловсруулан НҮБ-д хүргүүлсэн бөгөөд цаашид жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах үндэсний механизмыг бүрдүүлэх, ТХЗ-д хүрэхэд хувь нэмрээ оруулах үүднээс Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нөөц бүрдүүлэх чиглэлээр Хорооны гишүүдийн хамтын ажиллагаа чухал байгааг онцоллоо.

Хуралдааныг хааж, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал: “Цөлжилттэй тэмцэх тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Талуудын 17 (COP 17) дугаар Бага хурлыг Монгол Улсад 2026 онд зохион байгуулахад хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банктай хамтран 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах тул 2025 оныг “Тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчныг хамгаалах жил” болгон зарлалаа.

Хорооны гишүүдэд чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

  1. Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтөөр уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад байгууллагын зорилго, зорилт, үйл ажиллагааг чиглүүлж, Олон улсын хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг;
  2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.а-д заасан хуулийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг боловсруулж 2025 онд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах тул Хорооны гишүүн төрийн байгууллагууд болон яамд, аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн салбар хороод үр дүнтэй хамтран ажиллахыг;
  3. Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн маягт батлагдсантай холбогдуулан улс төрийн намуудын манлайллыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлж, тайлан, статистик мэдээ гаргах асуудлаар арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн хороо, Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд;
  4. Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар батлагдсан эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-ний хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн хариуцлагатай, салбар дундын хамтын ажиллагаатайгаар ахиц дэвшил гаргаж ажиллахыг;
  5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний зорилго тус бүрийн хэрэгжилтийг зохион байгуулах дэд ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодит ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэхийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөлийн ахлагч нарт;

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency