ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь” ЭККО-ФАРМ төслөөс санаачлан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албатай хамтран жендэрийн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт 2025 оны 02-р сарын 06-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Канадын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Кирил Йорданов, Ажлын албаны Жeндэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа нар үг хэлж оролцлоо.

Тус сургалтанд ЭККО-ФАРМ төсөл хэрэгжиж буй 5 аймаг, 4 сумын төрийн албан хаагчид болон хүнс хөдөө аж ахуйн судалгаа шинжилгээний 4 мэргэжилтэн хамрагдах бөгөөд энэ удаагийн сургалтад Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн жендэрийн салбар хорооны гишүүд, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн Их-Уул, Мөрөн сумдын удирдлага, Төв аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн, Хөдөө аж ахуйн их сургуулийн хүний нөөцийн мэргэжилтэн, хяналт шинжилгээний мэргэжилтэн зэрэг нийт 25 албан хаагч хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа.
Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбар орон нутгийн түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм.
Анхан шатны сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын мэдээллийг ncge.gov.mn хаягаар авна уу.