ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН 12 ДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тайландын хаант улсын Бангкок хотноо хоёрдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн 12 дугаар чуулган зохион байгуулагдлаа. Чуулган нь Ази-Номхон далайн орнуудыг, ялангуяа буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнууд, бүс нутгийн чиг хандлагыг тодорхойлох, шилдэг туршлага, сургамжийг хуваалцах замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн 17 зорилт, тэдгээрт хүрэхэд нь мэдээлэл өгөх, чадавхжуулах, дэмжих зорилготой юм.
Чуулганаар ТХЗ -3, 4, 5, 8, 17 дугаар зорилтын хэрэгжилтийг хэлэлцэж эрүүл мэнд, боловсрол, зохистой хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн өсөлт, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх талаар авсан арга хэмжээ, хүрсэн үр дүнгийн талаарх туршлагаа хуваалцсан юм.
Чуулганд Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Мөнхсоёл, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч А.Төмөр, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Чуулганы үеэр “Үндэсний сайн дурын илтгэл: Жендэрийн тэгш байдалд чиглэсэн иргэний нийгмийн оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээг Монгол Улсын Хүний эрх, хөгжил төв ТББ, Тогтвортой хөгжлийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээнээс санаачлан зохион байгуулж, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үндсэн илтгэл хэлэлцүүлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл хэлэлцүүлгийг удирдан, хаалт хийв.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр үндсэн илтгэлдээ тогтолцооны түвшинд ахиц дэвшил гаргахад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх, жендэрийн хувирган өөрчлөх аргазүй (Gender transformative approach)-г нэвтрүүлэхийн чухлыг онцлоод жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүчин чармайлт, туршлагаа нэмэгдүүлэх, хуваалцах, хөгжлөөс орхигдож болзошгүй хүн амын бүлгийн бодитой, үр дүнтэй оролцоо, түншлэлийг хөхүүлэн дэмжихийг уриаллаа.
Мөн чуулганы хүрээнд “Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв” ТББ-ын бүтээл болох “Газар, Тэнгэрийн дундах цуурай: Сонсголгүй монгол малчин” баримтат киноны бүсийн албан ёсны нээлт болж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байна.
Түүнчлэн, НҮБХАС-ийн бүсийн жендэр ба хүний эрхийн техникийн зөвлөх Упала Деви, АНДЭЗНК-ын Тогтвортой хөгжлийн газрын Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны хэлтсийн дарга Чай Чай нартай албан уулзалт хийлээ.
Онцлоход Ази, Номхон далайн Эдийн Засаг, Нийгмийн Комиссын төв байранд монголын уламжлалт соёлыг сурталчлах зорилгоор “Nomadic” нэртэй булан байгуулж, монгол гэрийн хэв маягийг харуулсан орчин бүрдүүлжээ. Мөн Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар АНДЭЗНК-ын үе үеийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын зургийг Говь ХК-ны ноолууран дээр хэвлэж бэлэглэдэг уламжлал тогтсон байна.
Дашрамд дурдахад, тус чуулганд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл өөрийн зардлаар оролцсон бол Жендэрийн үндэсний хорооны ажлын албанд Европын Холбоо дэмжлэг үзүүллээ.