“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, САЙН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран тус хэлэлцүүлгийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хэлэлцүүлгийг Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нээж, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа удирдан чиглүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид “Хөдөлмөрийн харилцаан дахь Хүний эрхийн анхаарах асуудал”, ЖҮХ-ны Нарийн Бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт – салбаруудын түвшинд” -ийг танилцууллаа.
Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, ЖҮХ-ны Ажлын албаны зөвлөх А.Амарбал “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн тухай хууль дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудыг хэрэгжүүлж буй туршлагын судалгааны тайлан”, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Я. Алтантуяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, Мобиком Корпораци Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Түвшинжаргал нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Хаан банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар “Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хүргэх” талаар тус тус танилцууллаа.
Хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллах юм.
Хэлэлцүүлэгт төрийн захиргааны төв байгууллагууд /16 яам/ болон тэдгээрийн харьяа агентлаг байгууллагууд, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 134 хүн оролцлоо.
Цаашид тус хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх юм.
Дашрамд дурдахад, Жендэрийн үндэсний хорооны санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг 2022 онд баталсан. Тус бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, ЖЭТБХтХууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, ажилтан ажил олгогчоор дамжуулан айл бүрт үр нөлөөг нь тэгш хүргэх хүрээнд практикт тулгарч буй шинэ сорилт бэрхшээлүүдийг жендэрийн мэдрэмжтэй шийдвэрлэхэд шаардлагатай бодлогын шийдлийг тодорхойлсон байдаг.