АЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Жендэрийн Үндэсний Хорооноос санаачлан гуравдах жилдээ хэрэгжүүлж буй “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн энэ удаагийн сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа ба сургалтад 21 аймгийн удирдах албан тушаалд ажиллаж буй 25 эмэгтэй хамрагдаж байна.
Сургалтыг нээж Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Итгэл нар үг хэллээ.
Мөн олон улсын багш нараар бэлтгэгдсэн мастер сургагч багш нар сургалтыг чиглүүлэх юм.
- О.Буянаа, ЖҮХАА-ны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга
- Б.Онон, Жендэрийн үндэсний шинжээч,
- Б.Золзаяа, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч,
- Б. Цомирлог, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб ТББ- н захирал
Зочноор МУИС-ын Социологийн тэнхимийн багш Др.Проф Н.Болдмаа, Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх Л.Цэлмэгсайхан, Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл, Монголын Байгалийн өвийн сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, ЕXA студийн гүйцэтгэх захирал Б.Болортуяа нар оролцож өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцана.
Манлайллын хөтөлбөр нь Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн зорилт, жендэрийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах бөгөөд сургалт 2 өдөр үргэлжилнэ.