“АЗИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛЛЫН ХӨТӨЛБӨР”-Т 125 ЭМЭГТЭЙ ХАМРАГДЛАА

2025-04-04
Жендэрийн Үндэсний Хорооноос санаачлан гуравдах жилдээ хэрэгжүүлж буй “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн сургалт 2025 оны 04 сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү хөтөлбөрийн 1,2,3,4 дүгээр ээлжийн сургалтыг 2023 оны 05, 06, 09 сард, мөн энэ оны 01 сард зохион байгуулж, удирдах албан тушаалд ажиллаж буй 100 эмэгтэйг хамруулсан бөгөөд энэ удаагийн буюу 5 дугаар ээлжийн сургалтаар 21 аймгийн удирдах албан тушаалд ажиллаж буй 25 эмэгтэйг хамруулав. Ингэснээр “Азийн эмэгтэйчүүдийн хөтөлбөр”-т 125 эмэгтэй хамрагдаад байна.
Сургалт нь эмэгтэй манлайлагчдын итгэл төгс ярих, ойлголцох, харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харьцах, асуултад оновчтой хариулах, төвөгтэй асуултад бэлэн байх, мэдээллийг олон нийтэд хүргэх, өөрийн болон хамт олон, нийгмийн төлөө өөрчлөлт хийх асуудлаар хэлэлцэх ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ оролцогчид өөрсдийн карьер хөгжлийн үе шат, туршлага сургамжаас хуваалцаж, бие биедээ урам зориг өгөх агуулга бүхий юм.
Зочноор Монголын Хараат бус судалгааны хүрээлэнгийн зөвлөх Л.Цэлмэгсайхан, Монгол Базальт ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Энхгэрэл, Монголын Байгалийн өвийн сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, ЕXA студийн гүйцэтгэх захирал Б.Болортуяа нар оролцож өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцлаа.
Мөн сургалтыг олон улсын багш нараар бэлтгэгдсэн мастер сургагч багш нар чиглүүллээ.
  • О.Буянаа, ЖҮХАА-ны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга
  •  Б.Онон, Жендэрийн үндэсний шинжээч,
  •  Б.Золзаяа, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын үүсгэн байгуулагч,
  •  Б. Цомирлог, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клуб ТББ- н захирал
Сургалтын хаалтын үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн талаарх мэдээлэл болон жендэрийн зөрүүтэй байдлын талаар оролцогчдод мэдээлэл өгч, гэрчилгээ гардууллаа.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency