ОЛОН УЛСЫН ХУРАЛД БЭЛТГЭХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ 21 АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Монгол Улсад “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны 5 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Тус олон улсын хурлыг угтсан зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсад холбогдох салбарын төрийн байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хувийн хэвшил болон хэвлэл мэдээллийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан 2025 оны 4 дүгээр сарын 1-30-ний өдрүүдэд 21 аймаг болон Улаанбаатар хотод зохион байгуулах юм.
Орон нутгийн зөвлөлдөх уулзалтыг 21 аймаг тус бүрт эсвэл 21 аймгийг хамран бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд энэхүү уулзалтыг 21 аймгийн Байгаль орчны газар зохион байгуулах юм. Уулзалтад холбогдох төрийн, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн төлөөлөл оролцоно.
Энэ хүрээнд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах 21 аймгийн Байгаль орчны газрын дарга нарт цахимаар, удирдлага арга зүйн дэмжлэг үзүүлж, мэдээлэл хүргэлээ.
Зөвлөлдөх уулзалтын зорилго нь:
- Олон улсын хурлын талаарх мэдээлэл хүргэх, хурлын ач холбогдол, үр нөлөөг таниулах;
- Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн харилцан хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх;
- Жендэрийн хариуцлагатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санаачилгыг хэлэлцэх, олон улсын хурлаас гарах Уриалгад санал авах.
Уулзалтаас гарах санал, зөвлөмжүүд нь олон улсын хурлын гол үр дүн болох Уриалгад тусгагдана. Монгол Улсын Засгийн газар нь олон улсын түвшинд энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд оролцогч улс орнуудын хүчийг нэгтгэх, хамтран ажиллах юм.