ОЛОН УЛСЫН ХУРЛЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЛЭЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар Монгол Улсад суугаа Элчин сайд болон ОУБ-ын төлөөллийг оролцуулсан “БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААН ДАХЬ ЭМЭГТЭЙ МАНЛАЙЛАЛ” уулзалтын үеэр “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Жендэрийн Үндэсний хороо нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотод “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан тус хурлыг 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Олон улсын хурлыг угтаж 27 зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 20-ны хооронд холбогдох төрийн, төрийн бус, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн, хэвлэл мэдээллийн, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан Улаанбаатар хот болон 21 аймагт зохион байгуулна.
Тус уулзалтын үеэр “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын онцлог, зорилго, хүрэх үр дүнг танилцуулж, олон улсын хурлаас гарах Уриалгын төслийг хүргүүлж, санал авахаар тохиролцов.
Эдгээр санал, зөвлөмжүүд нь олон улсын хурлын гол үр дүн болох Уриалгад тусгагдах ба цаашид, Монгол Улсын Засгийн газар нь олон улсын түвшинд энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд оролцогч улс орнуудын хүчийг нэгтгэх, хамтран ажиллах ба тус хурал нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хувь нэмрээ оруулах юм.