ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар бодлого, хөтөлбөрт “Үнэлгээ хийх журам” шинэчлэн батлагдаж, тус журамд Хорооны ажлын албанаас санал хүргүүлж ажиллав.
Тодруулбал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийхдээ жендэрийн эрх тэгш байдал хангагдсан эсэхийг үнэлэх эрх зүйн зохицуулалт бий боллоо.
Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас “жендэрийн эрх тэгш байдал хангагдсан эсэхийг зайлшгүй үнэлэхээр санал хүргүүлсэн боловч “шаардлагатай тохиолдолд” үнэлдэг байхаар тусгасан байна.
“Үнэлгээ хийх журам”-д туссан дараах заалтыг онцлов.
- Бодлогын баримт бичигт үнэлгээ хийх зарчим хэсэгт оролцогч талын оролцоог тэнцвэртэй хангасан байх (2.1.5.);
- Бодлогын баримт бичиг хэрэгжүүлэхээс өмнө бэлэн байдал, бодлого үр дүнтэй хэрэгжих эсэхийг урьдчилан тооцоолж, түүний төлөвлөлтийг сайжруулах зорилгоор урьдчилсан үнэлгээ хийхдээ шаардлагатай тохиолдолд жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоолсон эсэхийг үнэлэх (5.3.8)︔
- Бодлогын баримт бичиг хэрэгжих явцад үр дүнг хянах, ололт амжилтыг тогтоох, алдаа дутагдлыг илрүүлэх, түүнийг засаж сайжруулах зорилгоор явцын үнэлгээ хийхдээ шаардлагатай тохиолдолд жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоолсон эсэхийг үнэлэх (5.4.8.);
- Бодлогын баримт бичиг хэрэгжсэний дараа үр дүнг дүгнэх, түүний ололт амжилт, алдаа дутагдлыг тодорхойлж, үр дүнг бататгах зорилгоор эцсийн үнэлгээ хийхдээ шаардлагатай тохиолдолд жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоолсон эсэхийг үнэлэх (5.5.6.);
- Хяналт хэрэгжүүлэх газар бодлогын баримт бичгийн үнэлгээний тайлантай танилцаж, оролцогч талуудын байр суурийг тэнцвэртэй тусгасан эсэхийг хянах; (5.9.3.).

ҮНЭЛГЭЭ ХИЙХЭД БИД БЭЛЭН ҮҮ?
Жендэрийн үндэсний хорооноос боловсруулсан сургагч багш бэлтгэх ахисан түвшний сургалтын агуулгад “БОДЛОГО, ХӨТӨЛБӨР, ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЖЕНДЭРИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ” арга зүй, аргачлалыг тусгаж, одоогоор 30 шинжээч мэргэжилтнийг сургаж, бэлтгээд байна.
Цаашид, энэхүү арга зүйг үндэслэн “Үнэлгээний журам”-ын 5.3.8, 5.4.8, 5.5.6-т заасан жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж, Засгийн газрын шийдвэрээр албажуулах шаардлага, хэрэгцээ бий болж байна.
Дашрамд дурдахад, хууль тогтоомж, түүний төсөлд жендэрийн нөлөөллийн үнэлгээг хийх хэрэгцээ шаардлагыг Хууль тогтоомжийн тухай хууль, түүнийг дагаж гарсан холбогдох журамд тусгасан боловч жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэхийг хэрхэн үнэлэх аргачлал батлагдаагүй байгаа юм.
Иймд Ажлын албанаас аргачлалын төслийг боловсруулж, олон талт хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулахын зэрэгцээ уг аргачлалыг Монгол Улсын Засгийн газраар батлуулахаар Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байна.