ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ УГТСАН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2025-04-16

Жендэрийн Үндэсний хороо нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2025 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулна

Олон улсын хурлыг угтсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалт 2025 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд болно.

Энэхүү зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, аж ахуй нэгж, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын болон эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл, 21 аймагт зохион байгуулах юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2024.04.16) аж ахуй нэгж, байгууллагыг оролцуулж, “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлын онцлог, зорилго, хүрэх үр дүнг танилцуулан, олон улсын хурлаас гарах Уриалгын төсөлд санал авах зөвлөлдөх уулзалт хийлээ.

Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал, зөвлөмжүүд нь олон улсын хурлын гол үр дүн болох Уриалгад тусгагдах бөгөөд цаашид, Монгол Улсын Засгийн газар олон улсын түвшинд энэхүү уриалгыг хэрэгжүүлэхэд оролцогч улс орнуудын хүчийг нэгтгэн хамтран ажиллана.

Энэ онд зохион байгуулагдах “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлаас гарсан уриалга нь 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын “Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд хувь нэмрээ оруулах юм.

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency