“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, САЙН ТУРШЛАГА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран тус хэлэлцүүлгийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг нь “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах, оролцогч талуудыг нэг мөр ойлголт, зорилгод нэгтгэх, үйлдэлд уриалах, сайн туршлагыг түгээх, тус бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд нээж, УИХ-ын гишүүн, “Жендэрийн бодлогын зөвлөл”-ийн гишүүн А.Ариунзаяа чиглүүлсэн бөгөөд ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”, ЖҮХ-ны Нарийн Бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт /21 аймаг, нийслэл, дүүргээр/ ” -ийг танилцууллаа.
Мөн Эм Эм Си Жи ХХК-ийн Судалгаа Хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн, ТЭСО Группын Хүний нөөц удирдлагын газрын захирал Б.Болормаа нар “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхий зохицуулалтын газрын дарга Э.Энхжаргал, Говь ХК-н Комплайнсын газрын захирал Б.Чингүүн нар “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”, талаар тус тус танилцууллаа.
Хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтийг нэгтгэн Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлж, хэрэгжилтийг хангуулахад холбогдох талууд хамтран ажиллах юм.
Хэлэлцүүлэгт цахимаар болон танхимаар 21 аймгийн ЗДТГ-ын дарга, холбогдох албан тушаалтан, НЗДТГ, Нийслэлийн 9 дүүргийн ЗДТГ-ын дарга, холбогдох албан тушаалтан нийт 145 хүн оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн А.Ундраа үг хэллээ.
Цаашид тус хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулах бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой байх юм.
Дашрамд дурдахад, Жендэрийн үндэсний хорооны санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг 2022 онд баталсан. Тус бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, ЖЭТБХтХууль, Хөдөлмөрийн тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, ажилтан ажил олгогчоор дамжуулан айл бүрт үр нөлөөг нь тэгш хүргэх хүрээнд практикт тулгарч буй шинэ сорилт бэрхшээлүүдийг жендэрийн мэдрэмжтэй шийдвэрлэхэд шаардлагатай бодлогын шийдлийг тодорхойлсон байдаг.