ЖЕНДЭРИЙН МЭРГЭЖИЛТЭН, ШИНЖЭЭЧ, БАГШ НАРЫН ХАГАС ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Жендэрийн үндэсний хороо нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг ажлын байранд дагуулан сургах, чадавхжуулах “Менторшип хөтөлбөр”-ийг 2025 оны 03 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2025.05.21/ салбар, орон нутгийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан хамтын ажиллагааг бэхжүүлж, ур чадварыг хөгжүүлэх, үр дүнтэй ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Жендэрийн мэргэжилтэн, шинжээч, багш нарын хагас жилийн үр дүнгийн уулзалт”-ыг зохион байгууллаа.

Тус уулзалтыг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Европын Холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург нар нээж, жендэрийн сургагч багш, үндэсний шинжээчид, салбарын 16 яамдын болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалтад оролцлоо.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлсэн үгэндээ энэхүү “менторшип хөтөлбөр”-ийг эхний ээлжид орон нутгийн түвшинд хэрэгжүүлж цаашид яамдын бодлогын түвшинд хэрэгжүүлэхийг зорьж байгаа талаар онцоллоо.

Европын Холбооны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург хэлсэн үгэндээ энэхүү төслийн хүрээнд Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй үр дүнтэй ажил болохын сацуу Европын холбооноос цаашид ч Монгол Улсыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Менторшип хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, Жендэрийн үндэсний хорооны Техникийн зөвлөх Т.Амгалан тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн бодлогыг салбарын бодлоготой уялдуулах чадавх бүрдэж, Монгол улсад ЖЭТБХангах үндэсний чадавх бэхжихэд маш том ахиц гарна гэдгийг онцоллоо.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency