ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ: ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛОГДОХ УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ТУХАЙД
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл, 18.3.11, 18.3.15, 19.1.8 дахь заалтын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд захиргааны мэдээллээр тайлагнан ажиллаж байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1.1-д “томилогдох төрийн улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15 хувиас, дүүрэгт 20 хувиас, суманд 25 хувиас, хороонд 30 хувиас доошгүй байх”-заасан бөгөөд Засгийн газрын гишүүдийн хүйсийн төлөөлөл хангагдахгүй ирсэн байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдож, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25.4 хувьд хүрсэн нь Монгол Улсын Парламентын сонгуулийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Азийн дундаж 21.2 хувиас 4.2 хувиар ахиулж, дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн төдийгүй өмнөх сонгуулийн үр дүнгээс 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон. Олон Улсын Парламентын холбооноос (Inter-Parliamentary Union) Парламент дахь эмэгтэйчүүд үзүүлэлтээр Монгол Улс 31 байр урагшилж, 98-д эрэмбэлэгдэх болзлыг хангаад байна.
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байгаа бол эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах оролцооны (дэд үзүүлэлт: сайдын албан тушаал дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь) үзүүлэлтээр ухарсаар байна.
Төрөөс баримталж буй бодлого, шийдвэр, зарцуулж буй төсөв хөрөнгө нь эрэгтэй, эмэгтэй, тэр дундаа хүүхэд, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ялгаатай хэрэгцээг анхаарч боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтэд бодит ахиц гаргах, Монгол гэр бүл бүр эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хүртэхэд жендэрийн тэгш эрхийн зарчмыг баримтлах шаардлагатай юм.