Монгол Улсын Татварын Ерөнхий газар жендэрийн тэгш байдлыг хангах “Мөнгөн гэрчилгээ”-нд шалгарлаа
Монгол Улсын Татварын Ерөнхий газар нь төрийн байгууллагуудын жендэрийн тэгш байдлыг бодлого, үйл ажиллагаандаа амжилттай тусган хэрэгжүүлсний үр дүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-өөс олгодог “Жендэрийн тэгш байдлын гэрчилгээ”-ний “Мөнгөн түвшний гэрчилгээг” хүртлээ.
Шагнал гардуулах арга хэмжээ 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ын зүүн эргийн цагаар өглөөний 09:35–10:23, Монголын цагаар оройн 21:35–22:23 цагийн хооронд цахимаар зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүсийн захирал жендерийн тэгш байдлын бодлого, байгууллагын соёл, хүний нөөцийн менежмент, үйлчилгээ зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж, тэгш орчныг бүрдүүлсэн улс орнуудын долоон байгууллагад алт, мөнгө, хүрэл гэрчилгээ гардууллаа.
Мөн тус арга хэмжээнд Босни ба Херцеговина улсын Шүүх, прокурорын зөвлөлийн орлогч дарга Хажро Пошкович, Монгол Улсын Татварын Ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн, Гватемал улсын Байгалийн гамшгийн эсрэг үндэсний зохицуулах хорооны төлөөлөгч болон Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар үг хэлж, талархал илэрхийллээ.
Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлсэн үгэндээ: – Монгол Улсын анхны төрийн байгууллага төдийгүй дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн анхны татварын байгууллагаар тодорч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн жендерийн тэгш байдлын ‘Мөнгөн гэрчилгээ’-ний болзлыг хангасан Татварын Ерөнхий газарт Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албаны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Энэхүү санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн болон бодлогын орчинг бүрдүүлж, тогтолцоог амжилттай хөгжүүлж ирсэн манай улсын хүчин чармайлт, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд оруулж буй хувь нэмэр хэмээн үнэлж байна. Татварын Ерөнхий газрын гаргасан энэхүү амжилт нь нэгэн төслийн зорилгыг хангах төдий бус, хамт олноороо нэгдэж, сэтгэл зүтгэлээрээ хэрэгжүүлж, хэмжиж, бэхжүүлж чадсан бодит үр дүн гэдгийг харуулж байна. Цаашид Жендэрийн Үндэсний Хороо энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын төрийн байгууллагуудад хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн санаачилга болгохоор зорьж байна. Зорьсон үйл хэргээ амжилттай гүйцэтгэсэн Татварын Ерөнхий газрын удирдлага, хамт олон, Жендэрийн үндэсний шинжээч, техникийн ба бодлого-арга зүйн дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хорооны ажлын албаны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.