ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮНГИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГ УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан нь төрөөс Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хүрээнд эмэгтэй, эрэгтэй хүнийг эрх тэгш хөгжих боломжоор хангах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, хөгжлийн урт, дунд, богино хугацааны зорилтыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал алхам болсон юм.
Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.a-д зааснаар Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар 2 жил тутам УИХ-д тайлагнах үүрэгтэй бөгөөд Засгийн газар жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт үр дүнг 2021, 2023 онд УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлсэн.
2025 оны тайланд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, залуу малчдын жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал, жендэрийн статистик, дүн шинжилгээ, мэдээлэл судалгаа гэсэн үндсэн 4 бүлэг асуудлыг тусгаж, хэрэгжилтийн үр дүнг Засгийн газрын 2025 оны 06 сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.8-д заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлэхээр тогтлоо.
Тайлангийн товч үр дүнг онцолбол, дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр тооцож буй жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 -т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа. Тус индексийн дэд индекс болох боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт тогтвортой, ахиц дэвшлээ хадгалж байгаа бол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 120 -р байрнаас 99 хүртэл, ажиллах хүчний оролцоо 43-р байрнаас 20 хүртэл ахиж, “ахиц дэвшилттэй” үнэлэгдлээ.
Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль, бодлого төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтэд тодорхой үр дүн, ахиц дэвшил гарч буй хэдий ч үр дүнд суурилсан төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх туршлага чадавхыг бүх түвшинд нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль бодлогын шинэчлэлийг эрчимжүүлж, “үр дүнг хадгалах”, “үр дүнг ахиулах” шаардлагатай гэж үзлээ.