МАЛЧДЫН АСУУДЛААРХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ӨӨРЧЛӨХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” техник туслалцааны төслийн хүрээнд Монгол Малчин Үндэсний хөтөлбөр болон политехник коллежийн сургалтын хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусгах талаар санал солилцлоо.
Уулзалтаар Хэнтий болон Төв аймгийн Политехникийн коллежид хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрүүдээс “мал амьтны эмнэл зүй, малын асаргаа” хөтөлбөрийг судалж, цаашлаад аймаг, орон нутгийн онцлогтой холбогдуулан тодорхой зохицуулалтыг хийж, хөтөлбөрийг жендэрийн мэдрэмжтэй болгон өөрчилж, зөвхөн нэг аймагт бус ерөнхий жендэрийн мэдрэмжтэй хөтөлбөрийг боловсруулахад чиглэж байгаа талаараа санал солилцлоо. Энэ нь Боловсролын салбарт томоохон үр нөлөө үзүүлнэ гэж харж байгаа юм.
Уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Төв аймгийн Эрдэнэ сум дахь Политехникийн коллежийн захирал Ш.Отгонхүү, Хэнтий аймаг дахь Политехникийн коллежийн захирал Б.Болд-Эрдэнэ, Төв аймгийн Баянчандмань сум дахь Политехникийн коллежийн Нийгмийн түншлэл, үйлдвэр сургалт хариуцсан арга зүйч Л.Түвшинтунгалаг, төслийн зөвлөх багийн ахлагч Н.Болдмаа болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.