✅️“ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” БҮСИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод “ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” сэдэвт бүсийн семинарыг 2025.09.26-ны өдөр 100 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Тус семинар нь Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын холбоо хамаарал, шийдэл, Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж буй орон нутгийн сайн туршлага, санаачилга зэрэг хоёр хэсгийн хүрээнд боллоо.

НЭГДҮГЭЭРТ ХЭСЭГТ:
– “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарал” сэдвээр Төслийн зөвлөх багийн ахлагч, доктор, дэд профессор Н.Болдмаа
– “Уур амьсгалын өөрчлөлтийн хүйсийн ялгаатай нөлөөллийг орон зайн өгөгдөл, мэдээллийг ашиглан зураглан харуулах нь” сэдвээр Public Lab Mongolia, Н.Ариунаа, Л.Бямбацэцэг нар мэдээлэл өгч, “Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгааны тайланг Азийн хөгжлийн банкны Жендэрийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа танилцууллаа.
– Мөн “Уур амьсгалын өөрчлөлт ба Жендэрт суурилсан хүчирхийлэл: Орон нутгийн сорилт ба нийгэм-сэтгэл зүйн орчин” зэрэг асуудлаар “Хөөрхөн зүрх ТББ”-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь мэдээлэл хийсэн юм.

ХОЁРДУГААР ХЭСЭГТ:
ЖҮХАА-ны ЖДШМС-ны хэлтсийн дарга О.Буянаа, Ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар “Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт, хэрэгжилт”, “Хөдөөгийн хүн амын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох туршлага” зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, чиглүүлэв.

Мөн Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах арга замын талаарх хэлэлцүүлгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтэн Д.Санчир чиглүүлэв.
“ Уур амьсгалын жендэрийн хариуцлагатай санхүүжилт” -ийн талаар Төслийн зохицуулагч Д.Оргил, “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж буй эмэгтэйчүүдийн санаачилга, манлайлал” сэдвээр төслийн зөвлөх багийн гишүүн Жендэрийн Үндэсний шинжээч Ш.Ариунаа нар хэлэлцүүлгийг чиглүүлэн ажилласан юм.

Бүсийн семинарын сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцогчид 2026 онд зохион байгуулах бүсийн семинарт хийж хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцахаар үүрэг амлалт авлаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөтэй уялдуулж орон нутгийн онцлог хэрэгцээнд суурилсан жендэрийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг хүний хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, малчин эмэгтэйчүүдийн зах зээлийг дэмжих, тэлэх, бэлгийн боловсрол, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар болон жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж, малчин эрэгтэйчүүдийг өргөнөөр хамруулах, Жендэрийн хариуцлагатай судалгаа, өгөгдөл, шинжилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг олон саналыг семинарын оролцогчид дэвшүүлж, 2026 он гэхэд тодорхой ажлуудыг хэрэгжүүлж ажил хэрэг болгохоор боллоо.