ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-10-15
✅Өнөөдөр (2025.10.15) Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монгол Улсын гавьяат хуульч, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон нарыг хүлээн авч уулзлаа.
✅Уулзалтаар Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсэж бий болсон талаарх түүхэн баримт цаашид анхаарах, хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов.
✅Мөн түүхэн ойд зориулж ном бүтээх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Монгол Улсад Жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны бүтэц бий болох, хөгжих, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдах, Үндэсний хөтөлбөр, анх шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих зэрэг түүхэн 30 жилийн чухал эгзэгтэй асуудлуудын талаар дурсамжтай, сургамжтай яриа өрнүүллээ.
✅ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш “Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний үр дүнтэй оролцоог нэмэгдүүлэх, эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих, нийгмийн сайн сайхны төлөө алагчлалтгүй тэгш байх зарчмын хүрээнд нийгэм олон нийтийн жендэрийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үзэл санааг бэхжүүлэх, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖ гэдэг ойлголт, хэллэгээс ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОДЛОГО, ТӨСӨВЛӨЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА – г чухалчлах чиглэлд Жендэрийн Үндэсний хороо түүний Ажлын Алба түүчээлэн ажиллах болно.
✅Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсэд хүчин зүтгэж 30 жилийн түүхийг бичилцсэн та бүхэнд болон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.
✅1995 онд Бээжин хотноо хуралдсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV дүгээр бага хурлын хүрээнд улс орнууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн зорилтуудаа тодорхойлж, бодлогын чиглэлээ шинэчилсэн нь манай улсад жендэрийн үндэсний тогтолцоо бий болох эхлэл тавигдсан юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency