“ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” БҮСИЙН СЕМИНАР ДОРНОГОВЬ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

2025-10-24
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд “ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” бүсийн семинарыг Дорноговь аймагт зохион байгуулж байна.
Энэ удаагийн бүсийн семинарт Төв, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий зэрэг аймгийн жендэрийн салбар хорооны дарга, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хяналт-Шинжилгээ үнэлгээний хэлтэс, аймгийн Байгаль орчны газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар болон Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн байгууллага (Эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт бүлгүүд), малчдын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй хүн оролцож байна.
Тус семинар нь орон нутгийн төрийн байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, малчид, тариаланчдын жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт хоорондын холбоо хамаарал, жендэрт суурилсан хүчирхийлэл, жендэрийн үнэлгээний талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, орон нутгийн түвшинд жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход тулгарч буй саад бэрхшээл, сайн туршлага, шинэлэг санаачилгын талаар мэдлэг солилцох зорилготой юм.
 “ЖЕНДЭРИЙН БОДЛОГООР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДАВАН ТУУЛАХ НЬ” бүсийн семинарын нээлтэд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, урилгаар УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар оролцлоо.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ, Зам тээврийн салбар, тэр дундаа миний хувьд Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд өнөөдрийн ЖҮХ-ны үйл ажиллагаанд оролцож байна. Зам тээврийн салбарт эрчүүд ажилладаг онцлогтой салбар. Манай Говийн бүс нь уул уурхай, төмөр зам, аж үйлдвэржилт, хилийн боомт гээд эрчүүд олноороо төвлөрч ажиллаж амьдардаг онцлогтой болоод байна. Иймд яаж энэ онцлогтой салбар, орон нутагтаа жендэрийн эрх тэгш байдлыг хангасан салбар дундын уялдааг хангасан хөгжлийн бодлогоо төлөвлөж хэрэгжүүлэх нь вэ гэдэг нь хөгжлийн чухал асуудал болоод байна. Иймд бид та бүхэнтэй нягт хамтран ажиллаж асуудлуудаа олж харан, төлөвлөж ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тухай онцолж ярьж байгаа нь ч мөн адил Говийн бүс, говийн аймгуудад хамгийн их хамаатай байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс дулаарал, цөлжилт, байгалийн гамшигт үзэгдэл гэх мэт олон байгалийн сөрөг үзэгдлүүд гарч байна. Энэ бүхэнд манай хөдөөгийн иргэд, тэр дундаа малчдын амьжиргаа, орлого, өдөр тутмын амьдрал хамаарч байгаа юм. Та бүхэн хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн тухай ярьж хэлж, ирээдүйд ирэх эрсдэлд хэрхэн бэлэн байх тухайд орон нутгийн түвшинд ярьж, хэлэлцүүлж, бодлогод оруулахаар ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш бүсийн семинарыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах стратеги нь уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад чухал гэдгийг дэлхий нийт нэгдсэн бодлогоор тодорхойлсоны зэрэгцээ арван жилийн стратегидаа энэ талаар бие даасан зорилго дэвшүүлсэн. Уг зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд энэхүү бүсийн семинарыг зохион байгуулж байгаа бөгөөд аймаг бүрийн бодлого төлөвлөлт, монторинг үнэлгээ, санхүү төсөв, ИТХ, иргэний нийгмийн нийт 100 гаруй төлөөлөл оролцож, мэдлэгээ бататган, шийдлээ ярилцахаар өнөөдөр цуглаад байна. Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах энэхүү чухал үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа Азийн хөгжлийн банк, жэндэрийн зөвлөх багуудад талархал илэрхийлье” гэлээ.
Бүсийн семинарын үндсэн илтгэлийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны техникийн зөвлөх Т.Амгалан “Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл явц, ахиц дэвшил” сэдвээр, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг хууль, бодлого, төлөвлөлтөд нэгтгэх үйл явц: Жендэрийн дүн шинжилгээ ба хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр оролцогчдод мэдээлэл өглөө.
Бүсийн семинарын сэдэвчилсэн илтгэлийг Төслийн зөвлөх багийн ахлагч, доктор, дэд профессор Н.Болдмаа “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлтийн холбоо хамаарал”, Public Lab Mongolia Н.Ариунаа, Л.Бямбацэцэг “Уур амьсгалын өөрчлөлтийн хүйсийн ялгаатай нөлөөллийг орон зайн өгөгдөл, мэдээллийг ашиглан зураглан харуулах нь”, Азийн хөгжлийн банкны төслийн зохицуулагч Д.Оргил “Эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд ба амьдралын туршлага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа “Уур амьсгалын өөрчлөлт ба Жендэрт суурилсан хүчирхийлэл: Орон нутгийн сорилт, хууль эрх зүйн нөхцөл байдал ба нийгэм сэтгэл зүйн орчин” зэрэг сэдвээр талуудад ойлголт, мэдлэг өгч байгаагаараа онцлог юм.
Бүсийн семинар нь 1-р хэсэг буюу “Жендэрийн эрх тэгш байдал ба Уур амьсгалын холбоо хамаарал, шийдэл” сэдэвчилсэн илтгэлүүд, 2-р хэсэг болох мэдлэг солилцох “Жендэрийн бодлогоор уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж буй орон нутгийн сайн туршлага, санаачилга” хэлэлцүүлгээс бүрдсэн. Семинарын 2-р хэсэгт оролцогчид өөрсдийн ажил үүрэг, туршлага, сонирхлын хүрээнд хэлэлцүүлгийн сэдвийн дагуу өөрсдийн орон нутаг дахь нөхцөл байдал, ололт амжилт, сургамж, сайн туршлагын талаар санал солилцож байна.
Уг семинар нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санаачилгад жендэрийн үзэл баримтлалыг тусгасан санаачилга, туршлагыг хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн жендэрийн ялгаатай нөлөөллийн талаар ойлголтыг бэхжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах Тогтвортой Хөгжлийн Зорилт 5 (ТХЗ 5), уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ 13), хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ 17) болон тэдгээрийн хэрэгжилтийг дэмжих , орон нутагт хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Энэхүү семинар нь Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурлыг угтаж буй арга хэмжээний нэг юм.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency