“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ДАВАН ТУУЛАГЧДАД СЭТГЭЦИЙН ГЭМТЭЛД СУУРИЛСАН АРГАЧЛАЛААР НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн үндэсний хороо Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтнүүд болон нийгмийн ажилтнуудад “Жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдад сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх нь” сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Сургалтыг төслийн зөвлөх багийн гишүүн “Хөөрхөн Зүрх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Б.Оюундарь чиглүүлж, Дорноговь аймгийн ХГБХХГ-ын мэргэжилтнүүд болон Сайншанд сумын хамтарсан багийн 15 мэргэжилтэнг хамрууллаа.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш сургалтын үеэр хэлсэн үгэндээ “Хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийлэл нь жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал юм. Энэ асуудлаар ажилладаг мэргэжилтнүүд сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар ажиллах нь жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, таслан зогсоож даван туулагчдад ээлтэй, дахин сэтгэцийн гэмтэл, эрсдэлийг бууруулах давуу талтай. Энэ аргачлал нь олон улсад жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчидтай ажиллах үр дүнтэй аргуудын нэг юм. Тиймээс өнөөдрийн сургалтыг манай төслийн багаас энэ аргачлалыг та бүхэнд таниулахаар зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.
Уг сургалтын хүрээнд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг сэтгэцийн гэмтэлд суурилсан (trauma-informed) хандлагын үндсэн зарчим, аргачлалын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, жендэрт суурилсан хүчирхийллийн даван туулагчдад ээлтэй, аюулгүй, мэргэжлийн ёс зүйтэй нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх ур чадвар, аргачлалыг таниулахаар зорилоо.