“ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Өнөөдөр (2025.10.30) Жендэрийн үндэсний хороо, KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд оролцогч талуудын цахим уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтаар төслийн хэрэгжилтээс гарсан нийт ололт амжилт, сургамжийг дүгнэж, хоёрдугаар үе шатны хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцсэн юм.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш төсөлд оруулах саналд хэлсэн үгэндээ, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хүрээнд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллын талаарх нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг өөгшүүлсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд хяналт тавих, хязгаарлах механизм бий болгон улс төр дэх жендэрийн тэгш оролцоог дэмжих соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнуудын сүлжээ байгуулан хөгжүүлэх шаардлагатайг онцлоод дараах саналуудыг төсөлд хүргүүлсэн. Үүнд:
Эмэгтэйчүүдийн эсрэг хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд соёл урлаг, хэвлэл мэдээлллийн хэрэгслээр дамжуулан салбарын яамны оролцоотой, өргөн хүрээнд бодлогын түвшинд зохион байгуулах нь үр дүнтэй тул эдгээр ажлуудыг дэмжсэн үйл ажиллагаануудыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Жендэрийн үндэсний хорооны хамтын оролцоотой төлөвлөн хэрэгжүүлэх.
Улс төрийн байгууллагад манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх сургалтын байнгын тогтолцоо бүрдүүлж, дагалдуулан сургах (менторшип) хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
Төрийн албанд удирдах түвшний эмэгтэйчүүдийг бэлтгэх сургалтын байнгын тогтолцоо бүрдүүлж, дагалдуулан сургах (менторшип) хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
Эдгээр арга хэмжээг дэмжсэн үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө Улс төрийн нам, Жендэрийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн хамтын оролцоотой төлөвлөн хэрэгжүүлэх.
Улс төрч эмэгтэйчүүдийг дагалдуулан сургах (менторшип) хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд сурсан мэдсэнээ практик дээр хэрэгжүүлэх зорилгоор төрийн албанд ажиллаж байгаа удирдагч эмэгтэйчүүдэд давхар менторлох маягаар улс төрийн талбарт орж ирэх дараагийн эмэгтэйчүүдийг бэлтгэх ач холбогдолтой.