“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА АЖЛЫН БАЙР” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-10-28
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БА АЖЛЫН БАЙР” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад хувийн хэвшлийн нийт 15 байгууллагын 20 төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран боловсруулсан “Жендэр хүний эрхийн асуудал болох нь” сургалтын хөтөлбөрийг хувийн хэвшлийн байгууллагын удирдах гүйцэтгэх түвшний ажилтнуудад сурталчлан таниулах, хөдөлмөрийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Сургалтыг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлсэн үгэндээ, жендэрийн асуудал хүний эрхийн тулгамдсан асуудал болоод байгааг онцлоод цаашид ажлын байран дахь жендэрийн хариуцлагатай бодлогыг хувийн хэвшлийн байгууллагууд оновчтой хэрэгжүүлж ажиллах нь чухал гэдгийг тодотгосон.
Сургалтын хүрээнд Жендэрийн зөвлөх Б.Оюун “Жендэрийн өөрчлөлтийн арга зүй: жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгах нь” сэдвээр салбар байгууллагын түвшинд бодлогын хэлэлцүүлэг зохиосон бол Хүний эрхийн шинжээч Б.Хишигсайхан “Бизнес ба хүний эрх” сэдвээр асуулт хариулт хосолсон хэлэлцүүлэг, бодлогын мэтгэлцээн өрнүүллээ.
Мөн Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого төлөвлөлт, ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний практик арга зүй” сэдвээр сургалт орлоо.
Сургалт нь Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал Статистикч, хүн ам зүйн судлаач А.Амарбал “Хүн ам зүйн бодлого ба жендэрийн асуудал: Эрэгтэйчүүд ба жендэр” мэдээллээр 17 цаг хүртэл үргэлжилнэ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency