“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МУИС-ийн Жендэр судлалын төв, Фридрих-Эбертийн-Сантай хамтран “Жендэрийн салбар дундын судалгааны шинэ хандлагууд: Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн оролцоо” Эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2025.11.07) зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Фридрих-Эбертийн сангийн суурин төлөөлөгч, доктор Штефани Ханкэ, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал Ц.Цэцэгжаргал нар үг хэллээ.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хурлыг нээж хэлсэн үгэндээ, Жендэр судлалыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Жендэрийн үндэсний хороо, түүний Ажлын алба, БШУЯ болон улсын болон хувийн их дээд сургуулиуд, Жендэр судлалын төвтэй хамтран жендэрийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг бүх шатны сургалтын байгууллагын хөтөлбөрт тусгах ажлыг дэмжин тодорхой үр дүнтэй хэрэгжсэнийг онцолсон.
Эрдэм шинжилгээний хуралд “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудал”, “Жендэрийн хэвшмэл ойлголт ба хөдөлмөр эрхлэлт”, “Эмэгтэйчүүдийн ХАА салбарын оролцоо”, “Эрүүл мэнд, спортын салбарын жендэрийн асуудал” зэрэг үндсэн дөрвөн салбар хуралдааны 13 илтгэл танилцуулсан.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудлаар эхний салбар хуралдааныг УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Бумдарь чиглүүлэн “Улсын Их хурал дахь жендэрийн эрх тэгш оролцоо: Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн эсрэг хүчирхийлэл”, “Эмэгтэй улс төрчдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд сонгуулийн тогтолцооны үзүүлэх нөлөө”, “Хязгаарыг эвдсэн нь: 2024 оны сонгуульд эмэгтэйчүүдийг оролцоо” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.