НИЙСЛЭЛИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Жендэрийн үндэсний хороо нь орон нутагт салбар хороо, төрийн захиргааны төв байгууллагад салбар зөвлөлтэй байна” гэж заасан чиг үүргийн дагуу 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүрэгт жендэрийн салбар хороог байгуулан ажилладаг.
Өнөөдөр (2025.11.07) нийслэл дэх жендэрийн салбар хорооны хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийслэлийн жендэрийн салбар хорооны гишүүд оролцлоо.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш жендэрийн эрхт тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, бодлого чиглэл, анхаарах асуудлуудын талаар, Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нийслэлийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хийгдэж буй үйл ажиллагааны талаар, Хан-Уул дүүргийн жендэрийн салбар хорооны Нарийн бичгийн дарга Р.Цэвээндулам Хан-Уул дүүргийн жендэрийн салбар хорооны үйл ажиллагааны талаар, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдээлэхдээ ЕБС-ын 4-12-р ангийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх хөтөлбөрийг тусган оруулж байгаа талаар онцоллоо.
Хорооны 30 жилийн ойг угтан нийслэлийн жендэрийн салбар хорооноос иргэд олон нийтийн дунд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, чиг хандлага ямар түвшинд хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах зорилготой “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн оюутнуудын дунд зарласан байна.