“ЖЕНДЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВЛӨЛТ” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-11-10
ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨХ БҮТЭЭЛЧ МАНЛАЙЛАЛ i-LEAD төсөл, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын Сангийн яам, Удирдлагын академи хамтран “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” (ЖХТ) сургалтыг 2025 оны 11 сарын 10-аас 14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Канад-Монголын Мерит төсөл нь бүх шатны төрийн албан хаагчид жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг хэрэгжүүлэх алхмуудыг байгууллага, орон нутаг, үндэсний түвшинд тодорхойлох, ЖХТ-ийг төсвийн мөчлөгийн үе шатуудад хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн сургагч багш нарыг бэлтгэж байгаа билээ.
Энэхүү сургалтад Архангай, Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар, Увс аймгийн ЗДТГ, ИТХ-ын Ажлын алба, Сангийн яам, ЖҮХ, УА-ийн төлөөллөөс бүрдсэн нийт 35 албан хаагч оролцож байна.
Сургалтын хүрээнд Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн тогтолцоог орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага, албан хаагчдад жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор жендэрийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт хийх мэдлэг, ур чадвар олгох, чадавх бэхжүүлэх, жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийн сургагч багш бэлтгэх зорилготой.
“Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” сургалтын нээлтэд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, MERIT төслийн Захирал А.Баянмөнх нар оролцлоо.
Сургалтыг MERIT төслийн Жендэрийн мэргэжилтэн Т.Туул удирдан чиглүүлсэн бөгөөд MERIT төслийн Үндэсний зөвлөх Л.Отгонтуяа “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлтийг нэвтрүүлэх үндэслэл, ач холбогдол” болон “Олон улс болон Монгол Улсад хэрэгжүүлсэн ЖХТ-ийн туршлага, сургамж”, Жендэрийн үндэсний хорооны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа “Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт (ЖХТ)-ийн бодлого, эрх зүйн зохицуулалт”, Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын шинжээч Б.Болормаа “Монгол Улсын төсвийн тогтолцоо, төсөвлөлтийн хөгжлийн үе шатууд” сэдвүүдээр модуль хичээлийг заалаа.
“Жендэрийн хариуцлагатай төсөвлөлт” сургалтад оролцогчид жендэрийн үндсэн ойлголтууд, жендэрийн ялгаа, түүний хүний амьдрал болон эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг ойлгон, жендэрийн дүн шинжилгээ хийх, орон нутгийн болон салбарын бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд жендэрийн үзэл баримтлалыг тусгах аргачлалтай танилцах юм.
Мөн сургалтаар жендэрийн эрх тэгш байдлыг тогтоохын төлөө гаргаж буй ахиц амжилтыг үнэлж, хэмжих аргачлалыг оновчтой хэрэглэх, төрийн үйлчилгээний үр шим хүртэгчдэд болон цалингийн зардалд жендэрийн зөрүүтэй байдал үүсэж буй эсэхийг тодорхойлох, жендэрийн зөрүүтэй байдал илэрч буй бол шалтгааныг илрүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тэгш эрхийг тогтооход чиглэсэн хариу арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх чадварыг тус тус эзэмшинэ.

 

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency