АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ МАРТИНО ПЕЛЛИТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

2025-11-14
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш өнөөдөр (2025.11.14) Азийн Хөгжлийн Банкны Ахлах эдийн засагч Мартино Пелли, Жендэрийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа, Жендэрийн зөвлөх Т.Даваасүрэн нартай уулзаж цаашдын үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөжүүлэх тал дээр санал солилцлоо.
Жендэрийн үндэсний хороо нь Азийн Хөгжлийн Банктай хамтран “Монгол Улс: Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” төслийг 2016-2018 онд, “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлсэн бол “Уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтөөр дэмжих нь” техникийн туслалцааны төслийг 2023-2026 онд хэрэгжүүлж байна.
Уулзалтаар Үндэсний жендэрийн стратеги, үйл ажиллагааг салбарын төлөвлөлт, төсөвлөлт, тайлагналтын үйл явцтай уялдуулах бодлого, салбаруудад баримтлах жендэрийн тусгайлсан бодлогын үр нөлөөг үнэлэх арга зүйг нэвтрүүлэх, ХХААХҮ-ийн салбарт баримтлах жендэрийн бодлогын орон нутаг дахь төлөвлөлтийн хэрэгжилт, анхан шатны төрийн үйлчилгээний жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээ хийх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого, үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөн хэрэгжүүлэх чадавхийг бүрдүүлэх болон цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэхдээ “Төслийн хүрээнд бид олон чухал ажлуудыг амжилттай хийж, хэрэгжүүллээ. Тухайлбал, Жендэрийн асуудлыг үйл ажиллагаандаа үр дүнтэй уялдуулан хэрэгжүүлэх талаар төрийн, ТББ, хувийн хэвшлийн ажилтнуудын ойлголт, мэдлэг дээшилж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагаа эрчимжиж үр дүнгээ өгсөөр байгааг онцолсон.
Азийн Хөгжлийн Банкны Ахлах эдийн засагч Мартино Пелли хэлсэн үгэндээ, жендэрийн үндэсний бодлого, үйл ажиллагааг эдийн засагтай уялдуулах, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, нийгмийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан жендэрийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах боломжийн талаар санал бодлоо илэрхийлсэн.
Цаашид үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй, мөн хөдөө орон нутаг, Жендэрийн салбар хороодын үйл ажиллагаанд түлхүү дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэлээ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency