ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН “ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2025-11-17
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын сантай хамтран Европын Холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2025 оны 11 сарын 17-18-ны өдрүүдэд Иргэний нийгмийн байгууллагуудад “ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” сургалт зохион байгуулж байна.
Энэхүү сургалтад үндэсний хэмжээний болон орон нутгийн иргэний нийгмийн нийт 20-иод байгууллагын 30 төлөөлөл хамрагдаж байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ, Арвайхээр тэргэнцэртэй иргэдийн холбоо, Залуучууд өсвөр үеийн өөртөө туслах төв ТББ, Эрэгтэйчүүдийн хөгжлийн төлөө хамтдаа ТББ, Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний Төв аймаг дахь салбар, Дорнын манлайлагч залуус ТББ зэрэг байгууллагын удирдах гүйцэтгэх түвшний ажилтнууд оролцож байна.
Сургалтаар жендэрийн эрх тэгш байдлын талаар гарсан ахиц дэвшлийг хянахад Иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, эмпирик мэдээллийн сан бий болгоход туслах аргачлал танилцуулах, Үндэсний, салбарын бүх түвшний бодлого, хөтөлбөр, төсөл, үйл ажиллагааны төлөвлөлтөд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад анхаарах, хэрэгжилтийн шатанд хэр зэрэг үр дүнтэй, үр нөлөөтэй хэрэгжиж буйг тодруулах, хяналт шинжилгээ хийх талаарх иргэний нийгмийн байгууллагын практик чадамжийг хөгжүүлж төлөвшүүлэхэд дэмжин туслах зорилготой юм.
Иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан “ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” сургалтыг нээж НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, доктор Халид Шарифи, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа нар үг хэллээ.
“ХЯНАЛТ-ШИНЖИЛЭЭ ҮНЭЛГЭЭ” сургалтын гарааны үнэлгээг Жендэрийн зөвлөх Б.Оюун “Жендэрийн өөрчлөлтийн арга зүй (ЖӨАЗ): Жендэрийн тэгш бус байдлын суурь шалтгааныг арилгах нь” /Салбар байгууллагын түвшинд / сэдвээр, үндсэн сургалтыг МУБИС-ийн багш, Доктор, дэд проф С.Түмэндэлгэр “Хяналт шинжилгээ, үнэлгээний ойлголт, үзэл баримтлал нэгтгэх”, “Хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго, зорилт, хамрах хүрээг тогтоох”, МУБИС-ийн багш, докторант Н.Зол “Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй, аргачлалыг бэлтгэх” зэрэг сэдвээр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд арга зүйн ойлголт, мэдлэг өгч байна.
Сургалт нь 2025 оны 11 сарын 18-ны өдөр “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээлэл цуглуулах”, “Баримт бичиг, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын мэдээлэлд дүн шинжилгээ хийх”, “Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт ба ажлын байр” сэдвүүдээр үргэлжлэнэ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency