МОНГОЛ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрийн үндэсний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн Хөгжлийн Банктай хамтран Монгол Улс дахь Олон Улсын хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг өнөөдөр (2025.11.18) зохион байгууллаа.
Монгол Улс дахь Олон Улсын хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтад Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтсийн удирдлага, жендэрийн салбар зөвлөлийн гишүүд, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газар, НҮБ-ын төрөлжсөн олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүнүүд оролцов.
Уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар үг хэллээ.
Энэ удаагийн уулзалтаар хууль зүй, дотоод хэргийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ахиц дэвшил, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтыг ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгч болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар нэгдсэн уялдааг хангах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах харилцан мэдээлэл солилцов.
Монгол Улс дахь Олон Улсын хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтыг ХЗДХЯ-ны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга Г.Эрдэнэбулган чиглүүлэн, Азийн Хөгжлийн Банкны Жендэрийн зөвлөх Үүзма Хок, Жендэрийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа нар оролцогч талуудыг жендэрийн мэдлэг, арга зүйгээр хангав.
Азийн Хөгжлийн Банкны Жендэрийн тэгш байдлын хэлтсийн захирал Кейко Новацка нь АХБ-ны жендэрийн бодлого, стратегийг шинэчлэхээр 2025 оны 11 сарын 17–20-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан Азийн Хөгжлийн Банкны жендэрийн багаас “АХБ-ны Хөгжлийн бодлогын шинэчлэл”, “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах” төслийн талаар танилцууллаа.
Түншлэгчдийн уулзалтын үндсэн илтгэлийг Хууль зүйн хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, судалгааны төвийн Хувийн эрх зүйн секторын Эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Энххүслэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт: Хууль зүй, дотоод хэргийн салбарын хууль тогтоомж дахь шинжилгээ”, Судлаач Б.Доржпагма “Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2 дахь шатны жендэрийн бодлогын төслийн танилцуулга”, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн танилцуулга”, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Одмандах “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.