НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА “ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН” БАТЛАМЖИЙГ БАЙГУУЛЛАГУУДАД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2025-11-18
Албан хаагчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэн, жендэрийн эрх тэгш байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж ажилласныг үнэлж Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр харьяа дүүргийнхээ “Нийгмийн даатгалын газар”, “Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс”, Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуульд “ХҮНДЭЭ ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН” батламжийг гардуулан өглөө.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны А/2034 дүгээр албан бичгийн дагуу төрийн албан дахь хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын эрүүл, аюулгүй, таатай ажиллах орчныг бүрдүүлэх чиглэлээрх байгууллагуудын дотоод зохицуулалт, хэрэгжилтийн түвшнийг тодорхойлох 41 асуулт бүхий “Шалгах хуудас” судалгааг боловсруулан Засаг даргын дэргэдэх нийт 36 байгууллагад хүргүүлэн ажиллажээ.
Төрийн байгууллагуудын хариуцлагатай, хүний эрхэд суурилсан ажиллах орчныг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээллийг судалгааны дагуу 30 байгууллага хугацаанд нь ирүүлсэн бөгөөд ажлын хэсгээс тус тайлан мэдээг дүгнэн дээрх байгууллагуудыг тодруулсан байна.
Эдгээр байгууллагууд нь:
Байгууллагын дотоод журамдаа жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар 18-аас 22 асуудлыг тусган хэрэгжүүлдэг.
Байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд зориулж хүүхдийн өрөө, албан хаагчдын амралтын өрөөг шинээр байгуулж тохижуулсан.
Ажилтнуудын стресс тайлахад ашиглах жийдэг дугуй, сунайлтын төхөөрөмж, дартс гэх мэт тоног төхөөрөмжийг байрлуулсан.
Шаардлагатай үед ашиглах иргэд, даатгуулагч, үйлчлүүлэгчдэд зориулсан “Ганцаарчилсан уулзалтын өрөө”-тэй, хүний эрхэд суурилсан ажиллах орчныг бүрдүүлсэн байв.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency