“ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-19
Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр Монгол Улсын яам, агентлагуудын төлөөллүүдэд “Жендэр ба Хөгжил” бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр (2025.11.19) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Азийн Хөгжлийн Банкны Жендэрийн тэгш байдлын хэлтсийн Захирал Кейко Новака нар үг хэллээ.
“Жендэр ба Хөгжил” бодлогын хэлэлцүүлгийг Азийн Хөгжлийн Банкны Жендэрийн зөвлөх Үүзма Хок, Жендэрийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа нар чиглүүлэн оролцогч талуудыг жендэрийн арга зүйн мэдлэгээр хангасан бөгөөд АХБ-ны үйл ажиллагаагаар дамжуулан жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр гарч буй ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, бодит санал, хэрэгжүүлж болохуйц зөвлөмж гаргахад хэлэлцүүлгийн зорилго оршино.
Азийн Хөгжлийн Банкны (АХБ) 1998 оны “Жендэр ба Хөгжил” бодлого нь байгууллагын хэмжээнд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бүх үйл ажиллагаанд нэвтрүүлэх суурийг тавьсан бөгөөд эдийн засгийн чадавхжуулалт, үйлчилгээний хүртээмж, манлайллын тэгш бус байдлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан. Эхэндээ эмэгтэйчүүдэд чиглэсэн салбарын бодлогоос эхэлж байсан бол одоо АХБ-ны гол хөгжлийн зорилгод тусгагдсан жендэрийн тэгш байдлыг цогцоор нь хангах, нэвтрүүлэх арга барил болон өргөжсөн байна. Цаг хугацааны явцад энэхүү өөрчлөлт нь улам бүр зорилтот бодлого, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээний нарийн тогтолцоогоор бэхжиж, жендэрийн тэгш байдал нь АХБ-ны ажлын салшгүй хэсэг болсон бөгөөд үр дүнд нь хэмжигдэхүйц байх боломжийг бүрдүүлсэн юм.
2010 оноос АХБ үйл ажиллагааны удирдамж, хяналт, үнэлгээг сайжруулах зорилгоор илүү тогтвортой институцийн механизмыг нэвтрүүлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах системээ сайжруулж эхэлсэн. Эдгээр арга хэмжээ нь 1998 оны бодлогын хүрээнд бүрэн тусгагдаагүй, intersectionality асуудал, хүн ам зүйн өөрчлөлт, асрахуйн эдийн засаг, цахим шилжилт, жендэрт суурилсан хүчирхийллийн хувьсан өөрчлөгдөж буй хэлбэрүүд гэх мэт шинээр гарч ирж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн.
Өнөө цаг үеийн хэрэгцээ шаардлагыг тусгасан, шинэ бодлогын хүрээ шаардлагатай болж байгаа учраас АХБ-ны Бие даасан үнэлгээний газраас 2024 онд 1998 оны Жендэр ба Хөгжлийн бодлогын шинэчлэл хийх зөвлөмжийг агуулсан сэдэвчилсэн үнэлгээг хийсэн. Энэхүү үнэлгээнд хурдацтай өөрчлөгдөж буй хөгжлийн нөхцөл байдалд АХБ-ны жендэрийн тэгш байдлын хөтөлбөрийг чиглүүлж, мэдээллээр хангах нэгдсэн, шинэчлэгдсэн бодлоготой байхын ач холбогдлыг онцолжээ.
Иймээс Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн газрын харьяа Жендэрийн алба нь байгууллагын стратегийн чиглэлийг илүү тодорхой болгох Жендэр ба Хөгжлийн шинэ бодлогыг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж байна.
Энэхүү бодлогын шинэчлэлийг хүртээмжтэй, нотолгоонд суурилсан, алсыг харсан байлгахын тулд АХБ 2025 оны 4-р улиралд засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, залуучууд болон судалгааны байгууллагууд, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, зорилтот бүлгийн зэрэг олон талт оролцогчдыг хамруулан цахим болон улс орнуудын зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна.
Эдгээр зөвлөлдөх уулзалтуудыг дагалдан мэдээлэл түгээх, олон нийтэд чиглэгдсэн компанит ажлууд өрнүүлж, оролцогчдыг мэдээллээр хангах, идэвхтэй оролцоог нь дэмжих, хамтын ойлголтыг бий болгох болно.
Энэхүү бодлого шинэчлэх процессын үр дүнд нэгтгэгдсэн санал хүсэлт, зөвлөмжүүд нь 2026 онд боловсруулах шинэ Жендэр ба Хөгжил бодлогыг боловсруулахад шууд тусгагдах бөгөөд 2026 оны эцсээр эцэслэгдэж, АХБ-ны захирлуудын зөвлөлд танилцуулагдахаас өмнө дахин оролцогч талуудад танилцуулж, санал зөвлөмж авах болно.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency