МОНГОЛ АРДЫН НАМ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАН НАМЫН БҮХ ШАТАНД УДИРДЛАГЫН 40 ХУВЬ НЬ ХҮЙСИЙН АЛЬ НЭГ ТӨЛӨӨЛӨЛ БАЙХЫГ ТУСГАЛАА

2025-11-19
Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нар өнөөдөр /2025.11.19/ Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийв.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбогдуулан оны өмнө намууд үндсэн дүрэм, намын хөтөлбөр, зорилго, зорилтуудаа нийцүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаар Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээ нийцүүүлэн 122 зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг орууллаа. Дээрх хуулийн дагуу жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс намын бүх шатанд удирдлагын 40 хувь нь хүйсийн аль нэг төлөөлөл байхыг тусгасан. Энэ өөрчлөлтийн дагуу анх удаа намын Удирдах зөвлөл, Бага хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл 40 хувийг хангалаа” гэж мэдэгдлээ.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас Бага хурал 597 гишүүнтэй байгуулагдаж анхдугаар хуралдаанаа өчигдөр /2025.11.18/ хийсэн бөгөөд анх удаа Бага хурлын гишүүдийн 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency