“АВЛИГЫН ЭСРЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Жендэрийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд төрийн албаны шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэй удирдлагууд “АВЛИГЫН ЭСРЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” уулзалт өнөөдөр (2025.11.27) зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулагдсан энэхүү уулзалтын дэмжигч байгууллагаар Олон улсын Хөгжлийн эрх зүйн байгууллага оролцсон бөгөөд Төрийн албаны шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэй удирдлагуудын төлөөллөөс бүрдсэн 50 хүн оролцов.
Тус уулзалт төрийн албаны шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд хамтран ажиллах, салбар, байгууллагадаа гаргаж буй сайн туршлагаа хуваалцах хүрээнд эмэгтэйчүүддээ урам зориг өгөх, цаашдын ажилд нь дэм болохуйц олон улсын болоод өөрийн туршлагаас хуваалцах, санал солилцох зорилготой юм.
“АВЛИГЫН ЭСРЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” уулзалтыг нээж Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Жендэрийн үндэсний хорооны гишүүн Х.Ихмөрөн үг хэлсэн бол хаалт дүгнэлтийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлсэн үгэндээ төрийн албаны шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүд хамтран ажиллах, сайн туршлагаа хуваалцахын чухлыг онцлов.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг МУИС-ийн дэд профессор, судлаач, Жендэрийн үндэсний шинжээч М.Батбаатар, МУИС-ийн дэд профессор, судлаач, Жендэрийн үндэсний хорооны эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүн Н.Болдмаа “Авлига ба жендэрийн харилцан хамаарлын тухай судалгааны товч танилцуулга, зөвлөмж” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах шинжээч, ахлах комиссар Б.Тэрбиш “Монгол Улсын тогтвортой хөгжилд шударга ёс, авлига, хүнд суртлыг арилгахад эмэгтэйчүүдийн манлайлал яагаад чухал вэ? Олон улсын сайн туршлага”, Транспэрэнси интернэшнл Монгол байгууллагын хөндлөнгийн зөвлөх Д.Тэгшбаяр “Авлигыг бууруулах үр дүнтэй арга замууд /Жендэрийн тэгш бус байдал” сэдвээр оролцогч талуудад тус тус мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлгийн сайн туршлага, урам зориг өгөх илтгэгчээр Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “Төрийн албанд удирдах түвшинд оролцож буй эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг саад бэрхшээлийг давах туулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.