“ХАМТДАА СУРАЛЦЪЯ, ХАМТАРЪЯ, ТҮГЭЭЕ” ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫН ФОРУМЫН АНХДУГААР УУЛЗАЛТ ЗОХИОГДОЖ БАЙНА

2025-11-27
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2025-2030) II шатны төслийн хүрээнд “ХАМТДАА СУРАЛЦЪЯ, ХАМТАРЪЯ, ТҮГЭЭЕ” иргэний нийгмийн байгууллагын форумын анхдугаар уулзалтыг 2025 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уулзалтыг ХЭҮТ-ийн захирал Н.Арвинтариа, ХТЭТ-ийн захирал Г.Ганбаясгах нар удирдан чиглүүлж байгаа бөгөөд Иргэний Нийгмийн Байгуулллагын (ИНБ) Форумын гишүүд, удирдах зөвлөлийн гишүүд, зөвлөлийн гишүүдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн хамрагдаж байна.
Форумд Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа оролцож Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, үр дүн, сургамжын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт оролцлоо.
Форум нь иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг илүү зохион байгуулалттайгаар удирдан чиглүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа хөдөө орон нутгийн жижиг ИНБ-уудын манлайлал, оролцоог дэмжих замаар бүс нутгийн түвшинд нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Форумын анхдугаар уулзалт нь гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа бөгөөд энэ нь байгууллагын цаашдын бие даасан, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
4P буюу “Урьдчилан сэргийлэл, Хамгаалал, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Түншлэл”-ийн хүрээнд “ЖСХ/ГБХ-ээс урьдчилан сэргийлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, үр дүн, сургамж”, “Хохирогч, даван туулагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэх: Түр хамгаалах байр, дэмжих сүлжээг сайжруулах”, “Шударга ёсыг хангах нь: ЖСХ/ГБХ-ийн хэргийг хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй сорилт, бэрхшээл, боломж” “Гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн дагнасан шүүх байгуулахтай холбогдуулан боловсруулж буй Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”, “Түншлэл, хамтын ажиллагааг үр дүнтэй болгох: ЖСХ/ГБХ-д хариу үйлчилгээ үзүүлэн ажилладаг ИНБ, яам, агентлаг зэрэг холбогдох байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах нь” сэдвээр сургагч багш нар оролцогч талуудад ойлголт, мэдлэг өгсөн.
“ХАМТДАА СУРАЛЦЪЯ, ХАМТАРЪЯ, ТҮГЭЭЕ” иргэний нийгмийн байгууллагын форумын анхдугаар уулзалт арга хэмжээ нь дараах зорилготой.
ТУХ-ны гишүүд, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл болон ИНБ-ын гишүүдтэй уулзаж, бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн орчинд гарсан өөрчлөлт, ИНБ-уудын уялдаа холбоо, хохирогчийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хууль зүйн болон холбон зуучлах үйлчилгээ, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцоно.
Форумын стратегийн 7 тэргүүлэх чиглэлд үндэслэн нэгдүгээр шатны төслийн хүрээнд гарсан сургамжийг тусган ирэх 5 жилийн Стратегийн төлөвлөгөөг боловсруулна.
Багаар ажиллан, PESTLE, SWOT шинжилгээг хийн, бүс нутгийн нөхцөл байдлыг үнэлэн ИНБ-ын Форумын Стратегийн төлөвлөлт дээр ажиллана.
Форумын дунд болон урт хугацааны тэргүүлэх чиглэлийн талаар хэлэлцэнэ.
ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чанар, үр нөлөөг сайжруулах, салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, туршлага хуваалцах зорилгоор байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь дэд бүлгүүдэд хуваарилна.
ИНБ-уудад олгох дэд төсөл ялангуяа сонгон шалгаруулалт хэрхэн явагдах, төсөл бичих сургалтад хамрагдан, материалаа илгээх зэрэг мэдээлэлтэй танилцана. ЖСХ/ГБХ-ийн хохирогч, даван туулагчид зориулан боловсруулсан тэдний эрхийн талаарх бүтээлч дэвтрийг ашиглан сургалт, семинар заах Сургагч багшийн сургалтад хамрагдан, малчин өрхийн эмэгтэйчүүд, охидод сургалт, семинарыг үр дүнтэй зохион байгуулах ур чадварыг эзэмшинэ.
Бусад аймаг, орон нутгийн гишүүдтэй уулзан, хоорондоо мэдлэг, мэдээлэл, туршлагаа харилцан солилцож, хамтдаа суралцан, хамтран ажиллагааг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.

Шинэ мэдээ

© 2025 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency