УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГАД WOMEN FOR WOMEN ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-04
Жендэрийн үндэсний хороо, Европын холбоотой хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд УИХ-д суудалтай улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдэд төрөөс баримталж буй жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, хамтын ажиллагааг тодорхойлох, санал солилцох зорилготой “WOMEN FOR WOMEN” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.12.04/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлсэн үгэндээ, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд технологид суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдээллээ нэг түвшинд хүргэн, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, үндэсний хэмжээнд статистик судалгааг тогтмол хийж, хууль сахиулагч болон төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах, мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, туслах замын зураглалыг асуудал хариуцсан холбогдох байгууллагууд хамтдаа боловсруулах хэрэгтэйг онцлов.
Хэлэлцүүлэгт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ина Марчюлёните охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг болон технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг шинээр боловсруулагдан хэрэгжиж буй Европын холбооны хууль тогтоомжууд, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагын талаар мэдээлэл хуваалцлаа.
IRIM хараат бус судалгааны хүрээлэнгээс “МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ЗУРАГЛАЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН”-г танилцуулсан бөгөөд Монгол дахь хуурамч мэдээллийн нөхцөл байдал, хуурамч мэдээллийн хувь хүн болон нийгэмд үзүүлж буй нөлөө, Монгол Улс хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар оролцогчдод мэдээлэл өгөв.
Санал солилцох, асуулт хариултын хэлбэрээр зохиогдсон энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Уянга удирдан чиглүүлж, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүдтэй хуурамч мэдээлэлд өртсөн туршлагууд, хамгаалах бодлого, хэрэгжүүлж болох шийдлүүд, нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг залруулах арга хэмжээ шийдлийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency