ЭРХ ЗҮЙЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ТУСГАХ НЬ СУРГАЛТЫН УДИРДАМЖ ГАРЛАА

2025-12-08
Жендэрийн үндэсний хорооноос “Эрх зүйч бэлтгэх хөтөлбөрийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал тусгах нь” сургалтын удирдамж эрхлэн гаргалаа.
Сургалтын удирдамж нь Үндсэн хуулийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Зөрчлийн эрх зүй, Олон Улсын эрх зүй гэсэн үндсэн 7 бүлгээс бүрдэнэ.
Сургалтын удирдамжийг Хууль зүйн ухааны доктор, Профессор О.Мөнхсайхан, Хууль зүйн ухааны доктор Б.Одонгэрэл, Хууль зүйн ухааны доктор М.Мөнхнаран, С.Боловсон, Н.Жинжиймаа нар боловсруулж, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга асан Т.Энхбаяр, Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл, судалгааны хэлтсийн дарга О.Буянаа, Хууль зүйн ухааны доктор М.Мөнхнаран нар хянан тохилдууллаа.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулинд сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн болон дээд боловсролын стандарт, зохих түвшний сургалтын хөтөлбөрт суралцагчийн зайлшгүй эзэмшвэл зохих жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой агуулга, арга зүй, үнэлгээг тусгахаар заасан билээ. Тус хуулийн хэрэгжилтийг дэмжих Үндэсний хөтөлбөр (2017-2021), Стратеги төлөвлөгөө (2022-2031)-нд бүх нийтийн жендэрийн боловсролыг дэмжих хүрээнд бүхий л байгууллагууд хүчин чармайлт гаргаж ажиллахаар туссан байдаг.
Энэ хүрээнд энэхүү сургалтын удирдамж хэвлэгдэн гарсантай холбогдуулан МУИС-ийн Хууль зүйн сургууль, Жендэрийн үндэсний хороо хамтран маргааш буюу /2025.12.09/-ны өдөр “ХУУЛЬ БА ЖЕНДЭР” Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency