ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ТАЛААРХ ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛАХ ТЕХНИК, АРГА ЗҮЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-12-19
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнд дагалдан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд намын үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг боловсруулах техник, арга зүйн уулзалт боллоо.
Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын Мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, мөн газрын референт П.Алтанчимэг, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Ажлын албаны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг, Нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Батхишиг, Ажлын албаны техникийн зөвлөх Т.Амгалан нар оролцов.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсанаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энэхүү шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчлэх, намын бүтцийн байгууллагууд, дүрэмдээ жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага тусгагдсан. Тухайлбал:
8.7-д “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.4-т заасны дагуу намын үйл ажиллагаа дахь жендэрийн эрх тэгш байдлын талаарх тайланг Жендэрийн үндэсний хороонд хүргүүлнэ.”
мөн зүйлийн 8.8-д “Жендэрийн үндэсний хороо энэ хуулийн 8.2.3, 17.7-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх дүгнэлтийг жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.”
17.7-д “Намын төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх төв байгууллага болон хяналтын байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.” хэмээн тус тус заасан.
Үүний дагуу Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд холбогдох өөрчлөлтүүд дагалдан орсон. Үүнд:
8.3-т “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.”
8.4-т “Улс төрийн нам нь энэ хуулийн 8.2, 8.3 дахь хэсгийн заалтын хэрэгжилтийн тайланг энэ хуулийн 18.1-д заасан Жендэрийн үндэсний хороонд жил тутам хүргүүлж байна.” гэж тус тус заасан.
Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба нь Үндэсний статистикийн хороотой хамтран тус хорооны хорооны даргын 2024 оны “Маягт, нөхөх зааврыг зөвшөөрөх тухай” A/125, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар тус тус дараах маягт, зааврыг боловсруулсан баталсан. Үүнд:
1. Улс төрийн намын бүх шатны байгууллагын сонгуульт гишүүдийн мэдээ
2. Улс төрийн намын бүх шатны байгууллагын сонгуульт гишүүнд нэр дэвшигчийн мэдээ
3. Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны санхүүгийн дэмжлэгийн мэдээ, тэдгээрийн маягт, нөхөх зааврыг тус тус батлаад байна.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency