✅“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙР” ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2026-01-23
Өнөөдөр (2026.01.21) Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Мерит төсөлтэй хамтран “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙР” туршлага судлах уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад ЖҮХАА-ны дарга А.Адилбиш, МАОЭНХ -ны Бодлогын газрын дарга Э.Энхжаргал, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг, Мерит төслийн жендэрийн мэргэжилтэн Т.Туул, Хүний эрх, ёс зүйн мэргэжилтэн Ц.Оюун, Хүний эрхийн мэргэжилтэн Х.Дэлгэрзаяа, Мишелл Карлсен, Эрик Карлсен, ЖҮХ-ны Ажлын албаны албан хаагчид оролцов.
🔸Хөдөлмөрийн тухай хуулийн зарчим шаардлагад нийцүүлж, хөдөлмөрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, талуудын оролцоог бэхжүүлэх хүрээнд Жендэрийн үндэсний хорооноос санаачлан Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороотой хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг 2022 онд баталсан юм.
🔸Уулзалтын эхэнд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо, хууль бодлогын орчин, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт, үр дүнгийн талаар ЖҮХАА-ны ЖДШМСХ-ийн дарга О.Буянаа нар мэдээлэл өглөө .
🔸Мөн Канад улсын ажлын байрны дарамтын талаарх хууль эрх зүйн орчин, сайн туршлагуудын талаар Канадын зөвлөх Жюли Думонтиэр мэдээлэл өгч, цаашид Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийг сайжруулах, Ажлын байрны дарамт хүчирхийллийн асуудлаарх олон улсын гэрээ конвенц, хэрэгжилт, анхаарах асуудлаар зөвлөмж өгч хэлэлцүүлэг өрнүүллээ.
🔸Уулзалтын үеэр талууд Хөдөлмөрийн харилцаанд бий болж буй сайн туршлага ч болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцлээ.
🔸ЖҮХ-ны Ажлын албанаас “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг сурталчлах, түгээх, сайн туршлага бий болгох чиглэлээр зорилтот аян зохион байгуулж, ажлын байрны жендэрийн мэдрэмжтэй орчин нөхцлийг сайжруулах зөвлөмж чиглэлийг өгч ажилладаг.
🔸Жендэрийн үндэсний хороо, жендэрийн салбар зөвлөл, салбар хороодын 2024 оны тайланд дурдсанаар нийт 6 яам дэргэдээ цэцэрлэгтэй, 8 яам хүүхдийн өрөөтэй, 10 аймаг, нийслэл, 6 дүүргийн ЗДТГ хүүхдийн өрөөтэй болсон байна. Түүнчлэн харьяа агентлаг, байгууллагуудад хүүхдийн өрөө байгуулж тохижуулах ажил өргөн хүрээнд хийгдэж байна.
🔸Түүнчлэн хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад ажилтны ажил, ар гэрийн тэнцвэрийн хангах, жендэрийн мэдрэмжтэй ажлын орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд томоохон ахиц гарч байгаа хэдий ч жижиг дунд үйлдвэрлэл болон бусад ААНБ-уудад анхаарах асуудал байгаа тухай талууд санал солилцлоо.
🔸Жендэрийн асуудлаар салбар зөвлөл, хороо байгуулж, ЖҮХ-той нягт хамтран ажиллаж буй төрийн байгууллагуудын хувьд дээр дурдсан зарим ахиц гарч байгаа бол хуулиар үүрэг хүлээж, ЖҮХ-нд шууд тайлагнадаггүй төр, төрийн өмчийн оролцоотой компани хуулийн этгээд, хувийн хэвшил ялангуяа жижиг, бичил бизнес эрхлэгч хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд бодлогын хэрэгжилт тодорхойгүй, хянах тогтолцоо бүрдээгүй байна.
🔸Мөн хувийн хэвшилд нэвтэрч буй сайн туршлагыг төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцав.
🎯Тухайлбал, Говь ХК- ны Шүгэл үлээх систем, АПУ ХК -ны Бизнес ба хүний эрхийн хянан магадалгаа, Оюу Толгой ХХК-ны Гэр бүлийн хүчирхийллийн талаарх зааварчилгаа өгөх туршлага, ХААН банк -ны “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк” амлалт, Тэсо групп, М Си Эс Кока Кола, Мобиком корпорац, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Монголын цахилгаан холбоо ХК -ны уян хатан ажлын цагийн зохицуулалт, Юнител групп, М Си Эс Кока Кола ХХК-ны ажиллах орчны боломж, сонголт /Distributed Office/, Эрин Системс ХХК, Мизорн ХХК, Монос Группийн ажилтны сайн сайхан байдал, ажил амьдралын тэнцвэрийг хангах арга хэмжээ, Тэсо группийн Ажлын эрүүл, аюулгүй орчин, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх, хүүхдийн цэцэрлэг байгуулах, Хөхүүл ээжийн өрөө ажиллуулж буй Тэсо, АПУ Дэйри ХХК-ийн санаачилгыг онцолж байв.
Цаашид:
1. Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын 7.2-д заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороо нь бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
2. Бодлогыг хэрэгжүүлэх холбогдох төсвийг баталж хэрэгжилтийг хангуулах;
3. Бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог үндэсний болон салбарын, орон нутгийн түвшинд бэхжүүлэх, хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн хамтын хэлэлцээрүүдэд эрх үүргийг тусгаж баталгаажуулах;
4. Төлөвлөгөөний хэрэгжилтэд хоёр жил тутам үнэлгээ хийх;
5. Бодлогын хэрэгжилтийг үр нөлөөг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй ажиллах шаардлага байгаа талаар оролцогчид санал нэгдэв.

Шинэ мэдээ

© 2026 он. Жендэрийн үндэсний хороо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency